
Испанийн ажилчны социалист намыг төлөөлдөг ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро наймдугаар сарын амралтын өмнөх Засгийн газрын сүүлчийн хуралдаан дээр парламентыг тарааж Ерөнхий кортесийн ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын 20-нд явуулахаар шийдсэнээ зарлажээ. Уг нь ээлжит сонгууль ирэх жилийн гуравдугаар сард болох ёстой байсан юм.
Ээлжит бус сонгууль дарангуйлагч Франсиско Франкогийн төрсөн өдөртэй давхцлаа. Өдөр ийнхүү давхцсанд анхаарал хандуулахгүй байхыг Сапатеро уриалав. “Тэр нь миний хувьд ямар ч утга санааг илэрхийлэхгүй” гэж хэлсэн ерөнхий сайдын хэлснийг АВС сонин иш татсан байлаа. Сонгууль болсноор парламент болон Засгийн газрын хууль тогтоох үйл ажиллагаа төгсгөл болно. 2012 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ Засгийн газар ажилдаа орох ёстой. Сонгуулийн товыг санал хураалтаас 55 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 26-нд албан ёсоор зарлаж, Ерөнхий кортес тарах юм.
Сапатеро парламентыг тараах шийдвэрт нь “сонгуулийн ашиг гаргах” сонирхол байгаа гэдэгт үгүйсгэсэн хариултыг өгч байна. Гэхдээ шинжээчид социалисттууд өсч байгаа чансаагаа ашиглан дахин дөрвөн жил засаг барих сонирхолтой гэж үзэж байгаа юм. Засгийн газрынх нь эдийн засгийн амжилт нь Сапатерогийн ярианы гол сэдэв болж байна. “Парламент ажиллагааныхаа хоёрдугаар хагаст төлөвлөсөн зорилгуудынхаа ихэнхийг амжилттай гүйцээж чадлаа. Эдийн засгийн сэргэлт нь ажлын байрны салбар зэрэгт таатай шинж чанарыг харуулж эхэллээ” гэж ерөнхий сайд тэмдэглэв.
2011 оны хоёрдугаар улиралд тус орны ажилгүйдэл өмнөх улирлаас 1,56 хувиар улирлаас буурсан байна. Жилээр авч үзвэл бууралт тийм ч мэдэгдэхүйц биш дөнгөж 0,4 хувь болж, 20,89 хувийн төвшинд хүрчээ. Гэхдээ ажилгүйдэл тогтмол өсч байсан сүүлийн хоёр жилтэй харьцуулахад энэ нь том амжилт юм.
Гэхдээ Испанийн эдийн засгийн байдал ээдрээтэй хэвээр байгаа юм. Ээлжит бус сонгууль явуулах мэдээ нь Moody’s агентлаг тус орны зээлийн чансааг буулгахаар бэлтгэж байгаатай давхцав.
Социалистууд сонгуульд шинэ лидер, Дотоод хэргийн сайд байсан Альфредо Перес Рубалькабагийн удирдлагаар оролцох юм байна. Сапатеро намынхаа нөхдийн удирдлагаа шинэчлэн чансаагаа өсгөх хүсэлд нь удаан эсэргүүцэл үзүүлж байгаад аргагүйн эрхэнд зөвшөөрсөн.” Antena 3” теле суваг мэдээлснээр нэгдүгээр байранд Рубалькабаг гаргаж ирсэн нь Испанийн нийгэмлэгт эерэг сэтгэгдэл төрүүлэн сонгуулийг урагш татах боломжийг социалистуудад өгчээ. Испанийн Олон нийтийн санаа бодлыг судлах төвийн мэдээгээр социалистууд барууны чиглэлийн Ардын намаас хоцорч явснаа багасгаж чадсан байна. Хэрэв сонгууль ойрын үед явагдвал Ардын нам 43,1 хувь, социалистууд 36 хувьтай байхаар байна. Дөрөвдүгээр сард энэ чансаа 43,8 болон 33,4 хувь байжээ. Үүний зэрэгцээ Рубалькабагийн нэр хүнд сөрөг хүчний лидер Мариано Рахойгоос дээгүүр байгаа ажээ. I Хуан Карлос хааны хамжлагтуудын 39,9 хувь нь социалистуудын шинэ лидерийг ерөнхий сайд байх ёстой гэсэн бол Рахойг 31,9 хувь нь ерөнхий сайд болно гэж үзжээ.
Баруунтан сөрөг хүчин өнгөрсөн тавдугаар сард орон нутгийн сонгуульд ялснаа сануулан байж парламентыг тараах шийдвэрт нь баяр хүргэж байна. Ардын намын төв байранд сэтгүүлчдийг цуглуулсан Рахой Засгийн газрын шийдвэрийг испаничуудын ихэнх хүлээж байсан сайн мэдээ гэж мэдэгдлээ. Тавдугаар сарын сүүлчээр Испанид орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын сонгууль болон Ардын намынхан нийт дүнгээр 37,54 хувийн санал аван итгэлтэй ялалт байгуулсан Социалистууд 17 автономит мужийн ганцад нь ч ялалт байгуулаагүй бөгөөд нийтдээ 27,79 хувийн санал авсан юм. Сапатерогийн долоон жил эрх барьсны дараа социалистуудаас зүүний залуус нь нүүр бууруулсан. Тавдугаар сарын 15-нд Испани даяар сонгуульд оролцохгүй байхыг уриалсан эсэргүүцлийн ажиллагаа явагдан тэр үед сэтгэл дундуур зүүний залуус анх удаагаа Мадридын Пуэрта дель Соль талбайг эзэлсэн бөгөөд өнөөг хүртэл талбайд байсаар байна.
