Белфаст хотын иргэн хорт зуршилтай хүмүүст туслахын тулд гурван хоног авсанд амьдрахаар шийджээ.
Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдөр хотын ойролцоох сүмийн хажууд гүн булш ухаж, дотор нь цэлгэр том авс байршуулжээ. Авс нь гэрэлтүүлэг, агаажуулагч болон Wi-Fi-тай гэнэ. “Walking Free” хүмүүнлэгийн байгууллагын үүсгэн байгуулагч Жон Эдвардс тэрхүү авсандаа гурван өдөр амьдрахаар төлөвлөж байна.
Ингэхдээ тэрээр булшнаас видео дамжуулалт хийж архи болон мансууруулах бодист донтсон хүмүүстэй ярилцах юм гэнэ. “Тэднийг булшинд өөрсдөө орохоос нь өмнө тэдэнтэй ярилцахыг хүссэн юм” хэмээн Эдвардс тайлбарлажээ. Энэхүү ер бусын ажиллагаа нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа олон мянган хүмүүсийн анхаарлыг татна гэж тэрээр тооцоолж байгаа аж.