Пан Ги Мун: Өлсгөлөнг зогсоох

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Пан Ги Мун: Өлсгөлөнг зогсоох

НҮБ-ын НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны дэлхий нийтэд хандан хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

Африкийн эврийн орнуудад тарсан өлсгөлөнг зогсоож, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст итгэл найдвар төрүүлэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дайчлах хэрэгтэй байна.

Африкийн эврийн бүх орнуудад хүмүүс өлсч байна. Ган гачиг нэрмэж, дээр нь хүнсний барааны үнэ нэмэгдэж байгаа учраас 11 сая гаруй хүн хүнсний гачигдалд ороод байна. НҮБ хэдэн сарын турш харанга дэлдэж байна. “Өлсгөлөн” гэсэн үгийг бид хэрэглэхгүй байхыг хичээсэн ч өнгөрсөн лхагва гаригт үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болоод байна. Байдал эрчимтэй муудаж байна. Сомалийн зарим районууд өлсгөлөнд автлаа. Ийм гамшгийн цар хүрээ тэлсээр байна.

Энэ дохиог бид зүгээр орхиж болохгүй Өдөр бүр надад НҮБ-ын байгууллагуудаас  аймшгийн мэдээ ирж байна. Сомалийн дүрвэгсэдийн бүх мал сүрэг харангадан цангаж үхжээ. Дүрвэгсэд тусламж хайн Кени, Этиопоор тэнж байна. Өлсгөлөн, өнчирсөн хүүхдүүд харийн нутагт ганцаардан үлдэж байна.

Сомалиас эцэг эхийнх нь нүдэн дээр хүүхдүүд нь үхэж байгаа сэтгэл зүсэм мэдээ ирж байна. Саяхан Могадишо хотоос өмнө хэсэгт 140 км-ийн зайтай дүрвэгсдийн лагерьт гурван долоо хоног явж байж нэг эмэгтэй хүрч ирэв. Уэби-Шабелле голын цутгаланд амьдарч байсан Халима Омар нэлээд хангамжтай гэж тооцогдож ирсэн аж. Гурван жилийн гангийн дараа тэрээр арай гэж амьд мэнд байна. Түүний зургаан хүүхдийн дөрөв нь нас баржээ. “Тэжээх ямар ч зүйлгүйгээс хүүхэд чинь нүдэн дээр өнгөрч байгааг харахаас аймшигтай зүйл байхгүй. Би сүүлчийн найдлагаа алдаж байна” гэж тэрээр ярьжээ.

Лагерь хүрч ирсэн хүмүүст ч найдлага тун бага байна. Халуунд хатан хагарсан газраар удаан явсан тэд тусламж авахаасаа өмнө хүч тамир нь барагдан үхэж байна. Эмнэлгийн тусламж хэрэгтэй хүмүүст ч тусламж үзүүлж чадахгүй байна. Эм тариагүйгээс болон өвчтөнүүд нь амиа алдаж байгааг аргагүйн эрхэнд харж байгаа эмч нарын сэтгэл ямар байгааг төсөөлөхөд бэрх. Хүн төрөлхтөн гэсэн нэгэн том айлын гишүүдийн хувьд бид бүгдийг эдгээр түүх доргион түгшээж байна.

Ийм зүйлд яагаад хүрэв? гэдэг асуудлыг бид өөртөө тавьж байна. Эцсийн эцэст дэлхийд хангалттай хүнс байна. Тийм ээ, эдийн засаг хүнд байгаа л даа. Гэхдээ бид эрт дээр цагаас хамгийн хатуухан эдийн засгийн үеэр ч бусад хүмүүст туслах хүнлэг сэтгэлээ алдаагүй явж ирлээ.

Тийм ч учраас өнөөдөр би энэ хямралд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах зориулгаар та бүхэнд хандан онцгой гачигдалд орсон Сомалид туслахыг уриалж байна. Ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа хүмүүсийг аврахын тулд бидэнд 1,6 тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Одоогоор олон улсын донорууд энэ мөнгөний тал хувийг гаргаад байна. Өлсгөлөнг зогсоож, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст нийт хүн төрөлхтний ахан дүүсийн нэрийн өмнөөс итгэл найдвар өгөхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бид дайчлах хэрэгтэй. 

Дэлхийн хамтын нийгэмлэг нь бид бүгд юм. Бидний ажиллагааг тогтмол ивээн тэтгэдэг орнууд болон олон үндэстний шугамаар тусламж үзүүлдэггүй орнуудад ч бүгдэд нь би хандан өлсгөлөнтэй тэмцэх чармайлтаа идэвхжүүлэхийг уриалж байна. Иргэнийхээ хувьд хүн бүр юугаар тусалж чадахаа өөрөөсөө асуу. Хэн нэгэн нь өмнө Индонезийн цунами эсвэл Гаитийн газар хөдлөлтөөр хийж байсан шигээ хувиасаа хандив оруулж болох юм. Хэн нэгэн нь өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөсөө тусламж үзүүлэхдээ идэвхтэй хандахыг шаардаж болно.
Хамгийн тохиромжтой нөхцөл байдалд ч энэ нь хангалтгүй байж болох талтай. Бүхий л шаардлагыг нь биелүүлж чадахгүй байх бодит аюул байгаа.

Сомали онцгой хүнд байдал ороод байна. Үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас энэ оронд туслах ямар ч хүчин чармайлт хүндрэлтэй байна. Байдлыг ерөнхийд нь авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс олон улсын байгууллага болон Засгийн газрын бус байгууллагын төсөв  эрс хумигдлаа. Сомалийн үндэсний шилжилтийн Засгийн газар нийслэл Могадишогийн зөвхөн нэг хэсгийг хянаж байгаа шуурхай үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангаж чадахгүй байна. «Аш-Шабааб» гэх исламын зэвсэгт бүлэглэлийнхэнтэй бид тэдний хяналтад байгаа нутаг дэвсгэрт тусламж хүргэх талаар ярилцан тохиролцохоор оролдож байна. Тохиролцсон тохиолдолд ч аюулгүй салбарын асуудал ноцтой хэвээр байх юм.

Үүний зэрэгцээ хилээ нээсэн Кени, Этиоп ч өөрсдөө хүндхэн асуудалтай байна. Дэлхийн томоохон болох Дадаабын лагерьт 380 мянган хүн цугларч дүүрээд байгаа. Тэнд өдөр бүр хэдэн мянган хүн бүртгэлээ хүлээн зогсож байна. Хөрш Этиопийн Доло лагерь өдөр бүр 2000 хүн хүлээн авч ачаааллаа даахгүйд хүрэв. Энэ нь долоон сая гаруй хүн өлсгөлөн байгаа Кени, Этиопийн хүнсний хямралыг хүндрүүлж байна. Жибути ба Эритрейд хомсдол амсч байгаа хүмүүс хэдэн арван мянгаар тооцогдож байгаа, бодит тоо үүнээс ч их байж магадгүй.

Энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байхдаа бид өлсгөлөн нүүрлэсэн шалтгаан юу вэ гэдгийг бодох ёстой. Ган гачиг ойрын хэдэн арван жилдээ ч хөнөөлтэй хэвээр байж магадгүй. Цаг уурын өөрчлөлтийн үр дагавар дэлхий даяар улам мэдрэгдэж байгааг аваад үзэхэд энэ гамшиг сүүлчийнх биш байж магадгүй. Тэгэхээр практик арга хэмжээ хэрэгтэй. Ганд тэсвэртэй тариа ногоог гаргах, усжуулах, хөдөө аж ахуйн дэд бүтцийг хөгжүүлэх, мал үржүүлэх  хөтөлбөрүүд хэрэгтэй байна.

Эдгээр төслүүд үр дүнгээ өгч болно. Сүүлийн арван жилд Этиопын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтийн найман хувь хүртэл нэмэгдүүллээ. Үүний зэрэгцээ бид урьдчилан сануулах шуурхай системийн ажиллагааг өндөржүүлж чадлаа.Бид болж болох гангийн тухай мэдээд өнгөрсөн арваннэгдүгээр сараас сануулга явуулж байв. Ирээдүйд бидний энэ сануулгыг цаг алдалгүйгээр сонсдог болгох хэрэгтэй байна.

Хамгийн гол нь бидэнд энх тайван хэрэгтэй. Сомалид сөргөлдөөн гарсан хэвээр байвал бид өлсгөлөнтэй идэвхтэй тэмцэж чадахгүй. Өчнөөн олон хүүхдүүд өлсгөлөн хэвээр үлдэж, үй  түмэн хүн учир утгагүйгээр амиа алдах болно. Энэ аюулгүй байдлын тойрог заналхийллийн цар хүрээ улам бүр тэлж байна. Сомалийн Халима Омар бидэнд “Бидний хувь тавилан энэ бололтой. Магадгүй ид шид гарч биднийг энэ гай гамшгаас аврах ч юм бил үү” гэж хэлсэн.

Түүнд тийм хувь тавилан заяасан гэдэгтэй би санал нийлэхгүй. Бид хамтарсан хүчээр түүнийг, түүний нутаг нэгтнүүдийг,  бүх хүүхдүүдийг энэ аймшгаас салгах ёстой.

Д.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж