20-30 насныхан БНСУ-ыг илүү сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

20-30 насныхан БНСУ-ыг илүү сонирхож байна

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүрийн хавар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэхүү шалгалтад орох иргэдийг бүртгэж эхэллээ. Бүртгэл өнөөдөр /2017.03.06/ улс орон даяар эхлээд байгаа бөгөөд  аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр гурав хоног үргэлжилнэ. Бид нийслэлд явагдаж буй бүртгэл, түүнийг тойрсон асуудлыг сурвалжлан хүргэж байна.

ШӨНӨӨС ЭХЛЭН ДУГААРЛАЖЭЭ

Хан-Уул дүүргийн бүртгэл тус дүүргийн Соёлын ордонд өглөөний 09.00 цагаас эхэлжээ. Үүдэнд нь цугласан иргэдийн дийлэнх нь 20-30 орчмын идэр насны залуус байсан бөгөөд цагдаагийн албан хаагч нар зохицуулалт хийж байлаа. Тэд иргэдийг цөөн цөөнөөр дотогш нэвтрүүлж байлаа. Дарааллаа  хүлээн зогсож буй Хан-Уул дүүргийн иргэн Г.Бадарч “Шөнийн 02 цагаас эхэлж дарааллаа манаж хоносон, одоо /11.00 цаг/ бараг орох болж байна. Шөнө ойролцоогоор 80-аад хүн хоносон байх шүү” гэлээ.

Тус дүүргийн хувьд өдөртөө 200 гаруй хүн бүртгэх төлөвтэй байгаа ба нийтдээ 750 орчим иргэнийг бүртгэх боломжтой талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Пүрэвдорж хэлж байлаа. Тэрээр “Өглөөний 09.00 цагаас эхлэн бүртгэл явагдаж эхэлсэн. 11.00 цагийн байдлаар 50 гаруй хүн бүртгүүлсэн байна. Иргэд маань заавал цахим үнэмлэх аль эсвэл гадаад паспорттойгоо ирэх шаардлагатай. Зарим хүмүүс иргэний үнэмлэхний лавлагаатай ирсэн учир  буцаасан” гэлээ. Мөн шалгалтын хураамж болох 24  ам.долларыг Төрийн банкны холбогдох дансанд тушаасан баримтаа хуулбараар бус эх хувиар нь авчирч өгөхийг мэргэжилтнүүд сануулж байлаа.

ЗУУЧЛАГЧДАД  ИТГЭХ ХЭРЭГГҮЙГ САНУУЛАВ

БНСУ-д ажиллах хүч бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор залилангийн хэрэг гарч байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөрөөс тодруулахад “БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд захиргааны шийтгэл оногдож байгаагүй, ял эдэлж байгаагүй, эрүүл байх гэсэн шаардлага тавьж байгаа. Бидний зүгээс иргэдэд Солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байж бүртгүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Түүнчлэн төрийн байгууллага иргэдийн хооронд зуучлах нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилах хандлага их гарж байна. Хэрэв ийм тохиолдол танд тааралдвал баримтжуулж холбогдох цагдаа, хууль хүчний байгууллагад хандах хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс иргэддээ сэрэмжлүүлж байна” гэлээ.

Энэ жил БНСУ-д гэрээгээр ажиллах нийт 8000 иргэн бүртгэж, 1500 иргэн сонгон шалгаруулах тул солонгос хэлний зохих мэдлэгтэй иргэдийг бүртгүүлэхийг албаныхан анхааруулж байна.

МАРТЫН 8-НД БҮРТГЭХГҮЙ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд явагдах юм байна. Харин гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр тул бүртгэхгүй аж.          
   
БНСУ-аас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж буй учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөв.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм байна.

  • Бүртгэлийн маягт

  • Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.

  • Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;

  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)

  • Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.

Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй)Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.

  • Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж