“Volume plus” таныг уйдаахгүй

Хуучирсан мэдээ: 2017.03.04-нд нийтлэгдсэн

“Volume plus” таныг уйдаахгүй

“Монгол HD” телевизийн хоёрдугаар суваг “Volume plus” нэртэйгээр өчигдөр/2017.03.03/ Шангри-Ла зочид буудлын Ballroom-д нээлтээ хийлээ. Уг суваг нь хөгжим, танин мэдэхүй, цэнгээнт нэвтрүүлгийн контентуудыг цацах ба олон улсын болон дотоодын дуу хөгжим, уран бүтээлийг албан ёсны эрхтэйгээр дуу дүрсний өндөр түвшинд хүргэж байгаагаараа онцлог юм. Мөн тус телевиз www.хуур.mn сайттай хамтран Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group гэх зэрэг дэлхийн томоохон хөгжмийн компаниудаас хөгжмийн контентийг ашиглах албан ёсны онцгой эрхийг авч байгаа аж. “Хуур" стрийминг үйлчилгээ гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрэх бөгөөд хэрэглэгч та сард 5900 төгрөг төлөөд гар утас болон компьютер дээрээ дуртай дуу, уран зохиол гээд өөрийн хүссэн зүйлээ татан сонсох боломжтой. Контент хамгаалалтын DRM системтэй учраас дууг хулгайд алдахаас сэргийлж, төлбөр төлөөгүй хэрэглэгч дуу сонсох боломжийг хязгаарладаг байна.  

Энтертаймент ертөнцийн шинэ содон мэдээ мэдээлэл, үйл явдлыг цаг алдахгүй үзэх боломжийг Монгол HD телевизийн уран бүтээлчид үзэгчдэд олгоод эхэллээ.

“Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ

Энэ үеэр “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэтэй ярилцсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монголын телевизийн салбарын агаарыг хөглөсөн үйл явдал болж байна. Өнөөдөр сошиал медиа шинэ урсгал ороод ирлээ. Бид залуу сэтгэлгээтэй залуучуудтай хамтран ажиллаж байна. Бид цэвэр агаар шиг шинэ сувгийг яагаад үзэх ёстой вэ? гэх асуулт гарч байна. Өнөөдөр улс төрийн тэмцэл, рекламны удаан үргэлжилж байгаа байдал хүмүүсийг залхааж эхэллээ. Тиймээс бид шинэ суваг нээх хэрэгтэй юм байна. Энэ суваг нь хамгийн сүүлийн үеийн хөгжим, өөр ямар шинэ зүйл байна тэр бүгдийг багтаахыг зорилоо. Мөн бид хуур аппликейшны албан ёсны онцгой эрх бүхий уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Үүнд бол аудио контентууд бүгд багтсан байгаа. Мэдээж тодорхой хэмжээний багахан төлбөрийг төлөөд дуу, уран зохиол гээд өөрийн сонирхлоо зүйлээ утсандаа татаж авах боломжтой. Мөн эндээс олж байгаа орлогийн 70 хувь уран бүтээлчдэд очих юм. Уран бүтээлч, оюуны бүтээл хийж байгаа хүн орлогогүй гэж яригддаг байсан бол өнөөдөр энэ байдлыг цэгцлэх үүднээс шинэ бүтээгдэхүүнийг гаргаж байна. Бид дотоодын программист залуучуудтай хамтран ажиллаж байгаа учраас өнөөдөр уран бүтээлчдэд орлогийн 70 хувийн өгөх боломжтой боллоо." гэсэн юм.

Та “Монгол HD” телевизийн хоёрдугаар суваг “Volume plus”-ыг юнивишний 903, супервишний 8-дээр бий.

Бэлтгэсэн: Ч.БОЛОР, Б.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж