Мосулын байлдаанд химийн зэвсэг ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2017.03.04-нд нийтлэгдсэн

Мосулын байлдаанд химийн зэвсэг ашиглажээ

“Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Иракийн Мосул хотын баруун хэсгийг чөлөөлөх байлдаанд химийн зэвсэг ашигласны улмаас 12 энгийн иргэн гэмтсэн тухай ВВС мэдээллээ. Ойролцоох Ирбил хотод ажиллаж буй Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн эмч нар үүнийг батлан мэдэгдсэн байна. 11 настай хүү болон нэг сартай нялх хүүхэд химийн зэвсгийн улмаас амьсгалын замын эрхтнүүд нь гэмтэж, амьсгалахад бэрх, мөн арьсан дээр нь тууралт гарч, үрэвсжээ.

Улаан загалмай нийгэмлэгийн эмч чухам ямар бодис хэрэглэсэн нь тодорхойгүй, гэхдээ химийн зэвсэгт өртсөн гэх онош тавьж, хор тайлах эмчилгээ хийж байгаа гэж мэдээлсэн байна. Өвчтнүүдийн олонхид нь цэврүүт тууралт гарах, нүд улайх, загатнах, ханиах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Олон улсын хуулиар химийн зэвсэг ашиглахыг бүрэн хориглосон байдаг. Одоогоор химийн зэвсэгт халдлага үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа ч “Исламын улс” цэрэгжсэн бүлгийн хяналтад байгаа Мосулын баруун хэсгээс дайралт ирсэн гэгдэж байгаа юм.

Мосулыг чөлөөлөх тулаанд анх удаа химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдол нь энэ болж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж