БНХАУ-ын дарга Си Жиньпинийн дэвшүүлсэн ЕвроАзийг холбох эдийн засаг, дэд бүтцийн том санаачилга болох “Нэг зам, нэг бүс” төсөл олон орны анхаарлыг татаад байгаа. Шинэ зууны хамгийн том төслийн нэг “Нэг зам, нэг бүс”-ийн шугамаар сүүлийн гурван жилийн турш 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн хэмээн БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Хэ Лифэн сэтгүүлчдэд мэдээллээ. Бээжин хотноо болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын тавдугаар чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр тэр ийнхүү мэдэгджээ.
“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллага дэмжин оролцож байгаа Хэ Лифэн хэлсэн байна. Энэ санаачилгын хүрээнд төслийн маршрутын дагуу орнуудын Засгийн газартай 50 шахам хамтын ажиллагааны хэлэлцээр, олон улсын байгууллага болон салбар хоорондын хамтын ажиллагааны 70 гаруй хэлэлцээр байгуулагджээ. Эдгээр хэлэлцээрээс томхныг нь дурдвал Индонезийн Жакарта-Бандүны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Хятад-Лаос хоорондын төмөр замын хэлэлцээр юм.
Ирэх тавдугаар сарын эхээр Бээжин хотноо “Нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдах юм.
А.ТУЛГА