Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон. Гэтэл эзэнгүй үлдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилохгүй байсаар өдийг хүрсэн юм.
Тэгвэл өчигдөр 17.30 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг дэмжсэн байна.
Хуралдааны үеэр дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун нарыг дэвшүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүд Д.Загджавыг дэмжжээ.
МАН-ын дарга М.Энхболд өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг дэмжсэн байр суурьтай байсан. Гэвч түүний шийдвэрийг зарим нөхөд нь эсэргүүцэж, 10 гаруй гишүүн намын даргадаа хандан, УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичиг илгээсэн байдаг. Ингээд байр суурь нэг талд гарч, Д.Загджавыг дэмжжээ. Харин албан ёсны томилгоог Засгийн газар ойрын хугацаанд хуралдаж, шийдвэрлэх ёстой.
Т.ДАВААНЯМ