Цэрэг бүсгүйчүүдийн баярын сэтгэгдэл

Хуучирсан мэдээ: 2017.03.08-нд нийтлэгдсэн

Цэрэг бүсгүйчүүдийн баярын сэтгэгдэл

Эрчүүдтэй эн зэрэгцэн хууль, хүчний байгууллагад энхийн манаанд ажиллахаар тангараг өргөсөн эмэгтэйчүүд олон бий. Тэд өнөөдөр ч баярлана, Монгол цэргийн өдөр буюу энэ сарын 18-нд ч баярлана. Хүчний байгууллагын эмэгтэй албан хаагчдаас Монгол цэргийн өдөр болон Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн алинд нь илүү ач холбогдол өгдөг талаар өөрсдийнх нь бодлыг хуваалцлаа.

ХСИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн дэд профессор цагдаагийн хошууч Н.Мөнхзул:

-Энэ байгууллагадаа ажиллаад 15 гаруй жил болж байгаа учраас цэргийн баяр гэдэг бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс илүү сэтгэлд ойрхон байдаг. Гэхдээ мэдээж эмэгтэй хүн гэдэг утгаараа эмэгтэйчүүдийн эрхийг хамаалах өдрөөр баярлалгүй яахав.

Гадаадын иргэн харьяатын байцаагч З.Өнөрсайхан

-Эмэгтэй хүн юм чинь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт илүү ач холбогдол өгдөг. Эр цэргийн баяр гэдэг чинь цэргийн алба хаасан цэргийн хүмүүст л хамаатай байх.

ХСИС-ийн ахисан шатны боловсролын сургуулийн ахлах багш хошууч С.Мөнхзаяа

-Эмэгтэйчүүдийн баярыг гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ тэмдэглэдэг. Харин цэргийн баяраар ихэвчлэн хамт олон, ажлынхантайгаа тэмдэглэж өнгөрүүлдэг дээ. Аав маань цэргийн хүн учраас удам залгасан цэргийн хүн болсондоо баяртай байдаг.

Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч С.Алтантуяа

-Ер нь бол хоёуланд нь их ач холбогдол өгдөг. Гэхдээ эмэгтэйчүүдийн баярт илүү дуртай байдаг. Өөрийн албаны чиглэлээр өнөөдөр ээлжтэй ажиллаж байна. Тэгэхээр ажил дээрээ л баярлах юм шиг байна. Харин цэргийн баяраар өөрөө баярлахаас илүүтэйгээр нөхөр, хүүгээ баярлуулна даа.

ШШГЕГ-ын хорих 401-р ангийн эрүүл ахуйч С.Пүрэвсүрэн

-Аль алинд нь дуртай. Гэхдээ энэ байгууллагад ажилладаг гэдэг утгаараа цэргийн баярт илүү ач холбогдол өгдөг. Харин өнөөдөр манай байгууллагын эмэгтэйчүүд амраад цэргийн баяраар ажиллаж эрчүүдээ баярлуулах санаатай байгаа.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж