Наймдугаар ангийн охиныг дайрч аминд нь хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Наймдугаар ангийн охиныг дайрч аминд нь хүрчээ

Баянзүрх дүүргийн 13-р хорооны 15-р хорооллын 6-р байрны орчим хичээлээ тараад гэрийн зүг явж байсан наймдугаар ангийн охиныг дайрч амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр /2017.03.06/ орой 20.00 цагийн орчим гарчээ. “Тоёота Эпсү” загварын автомашины жолооч иргэн Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ жолоо барьснаас осол гаргажээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Отгонтамираас тодруулахад “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан Б нь хайс даван далан луу орж явган явж байсан гурван охины нэгийг байшинтай хавсарч мөргөсөн ноцтой хэрэг гарлаа. Дайрсан этгээдийг саатуулсан, одоогоор мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна. Сар шинийн өдрүүдээр Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Харин иргэд сар шинэ өнгөрөөд цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалт суларсан гэж ташаа ойлгож байх шиг байна. Үүнээс болж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэлээдгүй гарч байна. Урд шөнийн байдлаар гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил илрүүллээ” гэлээ.

Түүнчлэн маргааш болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр согтуугаар жолоо барихгүй байх, явган зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж