МАРТ-ын 8 буюу эмэгтэйчүүдийг жирийн үеэс илүү хайрлаж, хамгаалдаг энэ өдрийн орчин үеийн түүх 1857 оноос эхлэлтэй. 1857 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йорк хотын нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал хийж, цалингаа нэмүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулах шаардлагыг удирдлагууддаа тавьжээ.
Бүсгүйчүүд эрхийнхээ төлөө үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэсэн анхны жагсаалаас бараг хагас зуун жилийн дараа 1908 онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дараагийн жагсаал болсон юм. Жагсаал мөн л ажиллах нөхцөл, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан агуулгатай байжээ.
Ингээд 1910 онд Данийн Копенгаген хотноо болсон Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас гуравдугаар сарын 08-ны өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх санал дэмжигдсэнээр дараа жилээс нь Европын орнууд анхлан тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Орчин үед Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эл өдрийг тэмдэглэдэг болжээ.
Гэхдээ эмэгтэйчүүдийг тусгайлан баярлуулах уламжлал эртний Ромоос эхлэлтэй гэдэг. Тэр үед эрчүүд гэргийдээ бэлэг өгч, анхаарал халамж тавьж байгаагаа илэрхийлдэг байжээ. Баярын өдөр боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан бөгөөд ажлаас чөлөөлөгддөг байсан гэдэг.
Эмэгтэйчүүдийн эрх, ээж хүний хайрыг дээдлэх энэ өдрийн зорилго хүчирхийлийн золиос болсон, ялгаварлан гадуурхалд өртсөн бүсгүйчүүдийн эрхийг хамгаалж, эрх тэгш, эмэгтэйчүүдэд ээлтэй дэлхийг бүтээхийн төлөө байдаг. Эмэгтэйчүүдэд хаягласан энэ өдөр эрчүүдэд ч бас хамаатай. Бүх хүнд хамаатай. Хөвгүүд, эрчүүд эмэгтэй хүний өөдөөс гар далайж зүрхэлдэггүй эр хүн болж төлөвшвөл хүчирхийллийг зогсоохын төлөө оруулж буй том хувь нэмэр юм.
Монголын мянга мянган сайхан ээжүүд, эмэгтэйчүүд өнөөдрийнх шиг гоёмсог цэцгийн баглаанд умбаж, үгийн сайхан, сэтгэлийн нандин бүхэнд жаргаж явах болтугай.
Эмэгтэй хүн бүр энэ ертөнцийн инээмсэглэл, утга учир, аз жаргал, хорвоо дэлхий орин эргэх хамгийн шалтгаан билээ. Сайхан баярлаарай.
Б.ЭНХ
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД