Иргэд уул уурхайн сэдвээр ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Иргэд уул уурхайн сэдвээр ханджээ

Сонгогчид УИХ-ын Тамгын газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж захидал илгээж, хариулт авахыг хүсдэг. Сүүлийн үед УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн захидлуудаас харвал иргэд уул уурхайн сэдвээр голлон ханджээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Дархан сумын иргэн Н.Жамсранжав захидалдаа  “Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөрийг салгаж, Дархан сумыг хэвээр үлдээж шинээр Бор-Өндөр сум байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Бор-Өндөрийг Дархан сумаас салгаж тусад нь сум болгоход газар нутгийн хувьд маргаантай асуудал үүсэх болно. Бор-Өндөрийн бүс нутаг нь хааш хаашаа 10 км газарт газар зүйн бүтцийн хувьд чулуурхаг хөрстэй, өвс ургамлын ургац муутай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжгүй уул уурхайн бүс нутаг юм. Эрдэмтэн судлаачдын судалгааны дүнд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь жил бүр 1,2 сая шоо метр усыг шавхан зайлуулсанаас болж энэ бүс нутгийн усны төвшин 1990 оноос хойш 20 метрээр доошилсон байна гэж тогтоожээ. Өнөөгийн байдлаар Бор-Өндөрийн иргэд өөрсдийн амьдарч байгаа орчин буюу уурхайн эдэлбэр 14,4 мянган га талбай дотроо дураараа ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийхгүй байгаа бөгөөд цаашид газар нутгийн хэмжээ нь томорвол тэр хэрээр хаа сайгүй ухсан нүх болж үлдэхээр байна. Дээрх байдлаас үзвэл хэдэн жилийн дараа Бор-Өндөр нь хаа сайгүй ухаж үлдээсэн нүх, мөн элсэн дундах балгас болж үлдэх магадлалтай байгаа учир Дархан сумын иргэдээс уурхайн эдэлбэр газар болох 14,4 мянган га талбай нутгийг Бор-Өндөр сумын нутаг болгон өгөх саналтай байна” гэжээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны өндөр настан Г.Чунт:

“Бид газар шороогоо нэмж хөндмөөргүй байна. Уул уурхайн салбарт нэгэнт нээн ашиглаж байгаа Оюутолгой, Тавантолгойг оролцуулсан ордуудтай ХХААХҮ-ийн салбарын үйлдвэрүүдийг сэргээн байгуулж дэд бүтцээр холбож чадвал хүн ардаа дүүрэн ажилтай, дундаж амьжиргаатай болгон ДНБ-ний үйлдвэрлэлээрээ дээгүүр төвшинд хүрнэ. Бидний олж илрүүлэн ашиглаж байгаа буюу ашиглахаар завдаж байгаа гол нэр төрлийн ашигт малтмалын ордууд нь ойрын 20-30 жилд үйлдвэрлэл явуулахад хангалттай хүрэлцээний эх үүсвэртэй болжээ гэж үзэж байна. Ийм учраас дараах арга хэмжээг авбал зохино” гээд

а/Газрын тос уранаас бусад ашигт малтмалын салбарт хайгуулын зөвшөөрөл олголтыг ойрын 15 жил бүрэн зогсоох

б/Нэгэнт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг хүнд гурваас доошгүй үлдээж үлдсэнийг нь түдгэлзүүлэх

в/Ойрын 15 жилд ашиглалтын зөвшөөрөл олгогдохгүйг зарлаж хайгуул хийгдэж байгаа орд эзнийхээ нэр дээр хадгалагдана. Харин нөхөн олговор олгогдохгүйг мэдэгдэх.

г/Хайгуулын ажил тодорхой зөвшөөрөгдсөн талбайд урьдчилсан төлөвлөгөөний дагуу явагдаж ажил дуусмагц тайлангаа эдийн засгийн үнэлгээтэйгээр хамгаалж АМХЭГ, ГТХЭГ-т үлдээх бөгөөд дараагийн шатны ажилд зөвхөн тэр тоо баримт ашиглагдана. Тусгай зөвшөөрөл гадна дотны хэнд ч байсан өөр нөхцөлөөр олгохгүй.

д/Орон нутаг элс, хайрга, шохой, гол горхи, худаг, цемент зэрэг байгалийн нөөцөө бүртгэж олборлолт явуулсан нэгэнтэй үнэ өртгөө тохиролцож хожим нь нөхөн срэгээлт явуулах нөхцөлөөр ашиглуулах.Нөхөн сэргээлт хийгээгүй бол тусгай зөвшөөрөл дахин олгохгүй” гэж захидалдаа дурджээ.

Хэдийгээр УИХ-ын чуулган завсарласан ч сонгогчид энэ мэтээр эрхэм гишүүдэд хандаж, уул уурхай, газар нутгийн баялгаа хэрхэн зохистой ашиглах талаар саналаа ирүүлсээр байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж