УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан, “Эмэгтэйчүүд манлайлал” сантай хамтран өнөөдөр/2017.03.07/ Төрийн ордонд “Эмэгтэйчүүд ба улс төр” санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах, тэдний улс төрийн манлайлалыг хэрхэн хөгжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс алдагдаж, авлига, ядуурал өсөн нэмэгдэх хандлагатай болж буй энэхүү үйл явдлын эсрэг эмэгтэйчүүд хэрхэн ажиллах зэрэг олон сэдвийг хөндөж ярилаа.
Уулзалтын эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн парламент хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд жинтэй шийдвэр гаргаж ирсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсантай холбоотой гэдгийг цохон тэмдэглэлээ. Гэхдээ энэ эрхүүд тууштай хангагдаж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн үед хүний эрхийг зөрчиж, хуулийн дарангуйллын хэлбэрээр асуудлыг шийдэх гэсэн оролдлого, иргэдийн сонгох эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого нэлээд түгээмэл ажиглагдаж байгаа тул эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж, идэвхитэй ажиллаж, нийгэмд дуу хоолой нь болж, хүчтэй ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг мөн онцоллоо.
Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа УИХ дахь эмэгтэй гишүүд хүний эрхийг хангах, хүүхдийн эрхийг хангах асуудал дээр нийгмийн дуу хоолой болж чадахгүй байгаа тул Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ чиглэлээр томоохон хэвлэлийн хурал зохион байгуулахаар болж буйгаа мэдэгдлээ. Тус холбоо ирэх пүрэв гаригт “Дүнжингарав” хаврын бүсийн морин уралдаан нь хууль зөрчсөн тухай, мөн төсвийн алдагдал эргээд иргэдийн нуруун дээр буух болж буй тул энэ бүхний талаар мэдээлэл хийхээр болжээ.
Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд өнгөрсөн парламент хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн гэдгийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хэллээ. УИХ-д өнөөдөр МАН-ын бүлэгт 13 нь эмэгтэй гишүүн ажиллаж байгаа нь үүний тод илрэл гэнэ.
Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Ардчилсан нам бол бидний хамтын гэр. Намаа зөв шинэчилж авч явах нь маш том тулгамдсан асуудал. Нам зөв явахгүйгээр бид улс орондоо зөв шинэчлэл авчирч чадахгүй. Ардчилсан нам бусдыгаа уриалж, маш том шинэчлэл эхлүүлж чадсан. Түрүүлж зарчмын том алхмууд хийж чадсан гэдгээрээ Монголын улс төрд дараагийн шинэ салхийг хагалж чадсан. Цашдаа зөв явахын тулд намын дүрэм зөв боловсрогдох ёстой.
Хэн нэг хэсэг бүлэгт биш, нийт гишүүддээ үйлчилдэг дүрэм болох юм бол бодитой шинэчлэл болно. Энд эмэгтэйчүүд идэвхитэй оролцож дуу хоолойгоо гаргаж явах шаардлагатай.
Намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд анхаарах нэг асуудал байгаа нь бүх шатны сонгуульд өндөр татвар ногдуулж байгааг ярих ёстой” гэлээ.
Учир нь Ардчилсан намын гишүүн Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд зургаан сая төгрөгийн татвар төлөх зохицуулалт намын дүрэмд нь суусан аж. Энэ шалгуур нь эмэгтэй гишүүдийн хувьд хатуудах юм байна.
Дээрх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн асан М.Батчимэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байдаг. Яагаад гэвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрийн шийдвэр гаргах түвшний гарааны нөхцөл харилцан адилгүй. Ардчилсан намын хувьд шинэ дүрэмдээ намын бүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч, дэвшил гаргасан. Үндэсний бодлогын зөвлөлийн 300 гаруй суудал дээр зайлшгүй 76 нь эмэгтэй квот байх, цаана нь 76 залуучуудын квотод залуу эмэгтэйчүүд, үлдэж байгаа чөлөөт суудалд эмэгтэйчүүд өрсөлдөх зэрэг нээлттэй боломж гаргасан.
Манай эмэгтэйчүүд энэ боломжоо гүйцэлдүүлж чадвал намын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд 40 хүртэл квоттой болох нөхцөл бүрдэж байна.
-Хуулиндаа, дүрэмдээ ч эмэгтэйчүүдэд квот олгодог. Гэтэл эмэгтэйчүүд квотоо бүрэн ашиглаж чаддаггүй тал анзаарагддаг. Үүний цаана ямар асуудал байна вэ?
-Квотын тогтолцооны цаана бий болдог бодитой бэрхшээл бол санхүүгийн асуудал. Өнөөдөр бодитойгоор Монголын орчинд бий болж байгаа том гажуудал бол төсөв, мөнгөнөөс хамаарч байна. УИХ-ын сонгуульд маш их мөнгө тараадаг. Зарим тохиолдолд сонгогчид маань ч мөнгө хардаг болж байна. Энэ нь цаашдаа Монголын ардчилалд сөргөөр нөлөөлөх хандлагатай. Өнөөдөр Ардчилсан нам Монголын улс төрд бий болж байгаа энэ гажуудлыг засахын тулд өөрчлөлтийг өөрөөсөө хийж эхлэх хэрэгтэй.
Намын дотоод түвшиндээ, намын бүх шатны сонгуулиар хэтэрхий өндөр татвар үндэслэлгүйгээр тавих асуудал нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулах юм.
Ардчилсан нам бүх гишүүдийн оролцоотой сонгууль явуулж байгаа нь өндөр зардал шаардаж байгаа. Нөгөө талаас үүнийг санхүүжүүлэхийн тулд сонгуульд орж байгаа хүмүүст их хэмжээний өндөр татвар тавих буруу тогтолцоо руу орвол улс төр эргээд мөнгөтэй хүмүүсээс хамааралтай болно. Тиймээс эмэгтэйчүүдийн, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цаашдаа эрх зүйн санхүүжилтийн тогтолцоог Улс төрийн намын хуулийн түвшинд хэлэлцэж, залуучууд, эмэгтэйчүүдэд боломж олгох шаардлагатай. Үүнийг хуулиар нарийн зохицуулж өгөөгүй цоорхойноос болоод намууд санхүүжилтийн өндөр дэнчин, шаардлага тавьж байна. Улс төрийн санхүүжилтийг хуулиар тодорхой болгох шаардлагатай.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хуулийн цоорхойг хэрхэн нөхөх вэ?
-Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн батлах хэрэгтэй гэж харж байна. Ингэж байж улс төрийн намын санхүүжилтийг тодорхой, ойлгомжтой болгоно. Өнөөдрийн хуулиар санхүүжилттэй холбоотой заалт хэтэрхий ерөнхий, намууд өөрсдийнхөө дураар санхүүжилтээ зохицуулж, янз бүрийн татвар тавих боломж нь нээлттэй байгаа. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн босго улам өндөрсөөд байгаа юм.
-Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцоо хэр хөгжиж байгаа гэж үзэж байна вэ?
-1990 оноос хойш Монгол 27 жил ардчилсан орон болж явж байна. Гэтэл өнөөдөр бидний зорьж явсан ардчилал хаана очсон бэ гэдгийг хариулах цаг болжээ. Саяхан 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хууль дээдлэх ёсыг тууштай мөрдөх, ардчиллын тогтолцоо, хувийн хэвшил дээр тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх зорилго тавьсан. Өнөөдөр бид Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн үзэл санааг мөрдөж байна уу гэдэгтээ нийгмээрээ, тэр дундаа эрх барьж байгаа хүчин үйл ажиллагаандаа эргэж харах цаг болжээ.
Өнөөдөр шүүхийн шийдвэрийг үл ойшоох, төрийн албыг улстөржүүлэх, хууль бусаар халаа сэлгээ хийх явдал газар авсан байна. Тийм учраас гуравдугаар сарын 8 гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн баярын өдөр биш. Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдөр. Эмэгтэйчүүдийн эрх зөвхөн эмэгтэйчүүдэд тавигдах асуудал биш. Нийгмийн сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө тэмцлийн өдөр байдаг. Тийм учраас энэ өдөр манай эмэгтэйчүүд хүний эрхийг дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, төрийн алба улстөржилтөөс ангид ажиллахын төлөө шат шатандаа анхаарах цаг болжээ. Энэ бол Ардчилсан намын эмэгтэйчүүдийн асуудал биш. УИХ-д олонхийн бүрдүүлж байгаа МАН-ын эмэгтэйчүүдэд хандаж гаргаж байгаа уриалга. Нийгмийн сайн сайхны төлөө бид дуу хоолойгоо хүргэх цаг болжээ.
-МАН эрх барьж байгаа үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дахин яригдаж байна. Нэг нам дангаар эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Аль нэг нам эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байна гэдэг улстөржилт явагдаж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Зарим шаардлагатай өөрчлөлтийг хийхгүй бол өнөөдөр Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болжээ. Өнөөдөр бий болсон улсын өр, эдийн засгийн хямрал үргэлжлээд байгаа нь Үндсэн хуулийн зохицуулалттай холбоотой. Тийм учраас бид өнөөдөр ард түмний амьдрал ахуйг өөд татъя, эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл Үндсэн хуулиндаа тодорхой зохицуулалт хийхээс өөр аргагүй. Цаг алдаж дөрвөн жил явах биш эрх барьж байгаа МАН-д шаардлага тавих, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдийн дунд санал асуулга явуулах, улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг зохиосны үндсэн дээр өөрчлөлт хийх шаардлагатай.
-Та Засгийн газраас байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Ажлын хэсгээс ямар санал гарч байна вэ?
-Ажлын хэсэг эрдэмтэд, улс төрийн нам, олон нийтээс санал, байр суурь сонсож байгаа. Үүн дээрээ тулгуурлаад УИХ-ын тогтоол батлагдвал асуудал зөвшилцлөөр явагдах боломж нь байгаа гэж харагдаж байна.
Г.ДАРЬ