Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш /2017.03.08/ тохиож байгаа билээ. Энэ өдрийг угтаж УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газартай хамтран “Сайхан Монгол ээж” уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад ажил үйлсээрээ манлайлсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 1000 ээж оролцсон юм.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Улс орны хөгжлийг түүчээлж, явсан хатан зоригт эмэгтэйчүүдийн олон сайхан түүх бий. Тэдний гайхамшигт хатдын үргэлжлэл өнөө цагийн Монгол эмэгтэйчүүд та бүхэн минь эх орныхоо хөгжлийн замналыг зангидаж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгааг хангах, тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэврийн хувь хэмжээг өндөр байлгах зорилгоор хууль эрх зүйн орчныг шинэчилсэн. Энэ нь эмэгтэйчүүдийн ачааг тодорхой түвшинд бууруулж, тэр хэмжээгээр үр хүүхдээ сургаж, улс орны гэрэлт ирээдүйг бүтээж их үйлст та бүхний оруулах хувь нэмэр нэмэгдэнэ гэдэгт миний бие эргэлзэхгүй байгаа. Мөр нийгмийн хамгаалал, халамжийн бодлогодоо хүн амын төрөлтийг дэмжих бодлого баримталж ажилласаар ирсэн. Жилд дунджаар 80 мянган хүүхэд шинээр мэндэлж, хүн амын өсөлт 2016 оны жилийн эцсийн байдлаар гурван сая 120 мянгад хүрээд байна. Сүүлийн жилүүдэд улс орны санхүү эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч төрөөс эхчүүд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн халамжийн бодлогоо бууруулахгүй байх бодлого баримталж ажиллаж байгаа юм” гэлээ.
Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” цолыг эмэгтэй хүнд олгосон гэтэл энэ жил эмэгтэй хүн авч харагдсангүй. Тиймээс адил тэгш олгож байгаарай гэж уулзалтад ирсэн ээжүүд захиж байлаа. Мөн эмэгтэйчүүд боловсролын төвшингөөр эрчүүдээс дээгүүр байдаг ч цалин, албан тушаалын хувьд эрчүүдээс доогуур байгаа тухай асуудалд анхаарах ёстойг УИХ-ын эмэгтэй гишүүдэд захиж байсан юм.
Хүрэлцэн ирсэн ээжүүдээс төлөөлөл болгон есөн ээжид “Сайхан Монгол ээж” өргөмжлөлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардуулсан юм. Ингээд өргөмжлөл гардаж авсан ээжүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
-“Сайхан Монгол ээж” өргөмжлөлийн эзэн боллоо. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Монголын бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энэ сайхан арга хэмжээг төр засгаас зохион байгуулж, өргөмжлөл гардуулсанд баяртай байна. Би Увс аймагт 26 жил ажилласан. Гол төсөв соёлын ажил эрхэлж байсан. Зургаан хүүхдийн ээж билээ. Миний хүүхдүүд мэргэжил боловсролтой, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явна. Ингээд олон сайхан ээжүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулж байгаа нам засагтаа талархаж байгаагаа илэрхийлье.
-Таныг Даян аварга Г.Өсөхбаярын ээж гэдгээр тань тодотгож уншигчдадаа таниулах гэсэн юм. Хүүгийнхээ бага нас, хүмүүжлийн талаар товчхон дурдахгүй юу.
-Хүүхэд хэрхэн төлөвших нь эцэг эх, гэрийн хүмүүжлээс хамаардаг. Манай аав улсын Даян аварга Буур Жамъяан гэдэг хүн байсан. Миний хоёр хүү бөхийн удмаа хадгалж яваа юм. Том хүү маань улсын Даян аварга, бага хүү маань улсын Харцага цолтой. Бөхийн дэвжээнд зодоглож, ард түмнээ баярлуулж явдагт эх хүнийхээ хувьд баяртай байдаг.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тун удахгүй болох гэж байна. Нийт эмэгтэйчүүддээ хандаж юу хэлмээр байна вэ?
-Энэ жилээс ард түмний сэтгэл тайвшралд орсон гэж би боддог. Ямар нэгэн итгэл бий болсон. Энэ итгэл үргэлжилж, энэ итгэлийг төр засаг маань дааж явбал сайн сайхан бүхэн ирнэ дээ гэж хардаг. Монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ баярын мэнд хүргэе.
-Урлагийн салбарыг төрөөс хэрхэн анхаарах ёстой гэж та боддог вэ?
-Авьяас тэтгэвэрт гардаггүй. Урлаг бол явах тусам ихийг сурдаг. Тиймээс биднийг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө анхаараасай гэж боддог. Тэгээд ч эмэгтэй хүний уран шаглаа, ухаан төрд үнэхээр хэрэгтэй байх. Айл гэрийн нарийн ширийн бүхнийг эмэгтэйчүүд зохицуулж ирсэн. Түүхэнд бичигдсэн баатруудын ард хүчирхэг эмэгтэй хүн зогсож байдаг. Үүнийг төр засаг ухаарч, эмэгтэйчүүдээ түшиж яваасай гэж би боддог.