Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд боллоо.
Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр” болгон тэмдэглэдэг бол Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын эмэгтэйчүүдийн баяртай уялдуулдан, өсвөр насны охидын дунд “Грассрүүтс” өдөрлөг хийдэг болж байна.
Өдөрлөгт 11, 13 насны 120 хүүхэд оролцож, тэдэнд баярын бэлэг болгон, өмсгөл, бөмбөг бэлэглэлээ.
Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийн өмнө Монгол Улсын шигшээ багт багтаж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах бололцоо нээгдэж буй энэ үед охидын “Грассрүүтс” арга хэмжээ өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон охидод гэхэд ирэх жилээс Монголын 14 хүртэл насны охидыг шигшээ багийн тоглогч болох боломж хүлээж буй юм.
Б.ЭНХ