ӨЧИГДӨР /2017.03.07/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан төлөөллөөс өгсөн мэдээллээр тус ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дүгнэлт боловсруулж, түүнийгээ УИХ-д оруулахаар ажиллаж байгаа аж.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газартай хамтран “Сайхан монгол ээж” уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад ажил үйлсээрээ манлайлсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 1000 ээж оролцов.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд боллоо. Өдөрлөгт 11, 13 насны 120 хүүхэд оролцож, тэдэнд баярын бэлэг болгон, өмсгөл, бөмбөг бэлэглэв.
Дөрвөн настай охиноо зодож, амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ. Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг цагаатгасан байсан ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хорьсон юм.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан дээрх аймгуудын 10 суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мал эмнэлэг, үржлийн газрын мэдээлж буйгаар гуравдугаар сарын 10-ны өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдаж магадгүй гэнэ.
Сар шинийн баярын өмнө эхэлсэн “G-Time” компанид хийж буй шалгалт үргэлжилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Казахстан улсад төвтэй тус компанийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженовыг сүлжээний залилангийн хэрэгт сэжиглэн, шалгаж байгаа юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болно гэж үзэж байна.
Германд амьдардаг, 38 настай монгол залуу хоёр хүний амь насыг хохироосон хэрэг гарсан тухай зарим сайтууд мэдээлжээ. Хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "ХБНГУ-ын хуулийн байгууллагаас албан ёсны тайлбар ирүүлээгүй учир тодорхой тайлбар хийхэд эрт байна" гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан, “Эмэгтэйчүүд манлайлал” сантай хамтран Төрийн ордонд “Эмэгтэйчүүд ба улс төр” санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Бурхан Халдун хайрханы дунд овоонд арц, хүж, зулын гал, цогоос гал алдаж ой мод руугаа гал үсрэн, ойр орчмын мод шатаж байхад нь "MONGOLIAN PAJERO CLUB"-ын 20 гаруй залуус таарч, аюулгүй болгожээ. Тэд тухайн орчинд байсан залуус болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран, гал түймрийг яаралтай унтрааж, илүү их хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна.
Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Уфа хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээнд өрсөлдөж буй их мастер Р.Манлай хоёрдугаар өрөгт түргэн тоглолтын дэлхийн аваргын мөнгөн медальт, Африкийн аварга Н.Самбийг хожжээ.