Ховдын наадмыг аймгийн арслан О.Гантулга өнгөллөө

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Ховдын наадмыг аймгийн арслан О.Гантулга өнгөллөө

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн долдугаар сарын 29,30-нд Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд оролцлоо. Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг. Энэ онцлогийг харуулан аймгийн ойн нээлтэд ястан бүр өөр өөрсдийн онцлогийг харуулсан авьяас билгээ үзүүллээ. Тухайлбал улс даяар хөөмийчдөөрөө алдартай Чандмань сумынхан гэхэд л наадмын ногоон дэвжээнд 250 хөөмийчин зэрэг хөөмийлүүлж олныг бишрүүллээ. Ховд аймгийн 80 жилийн ойд зориулан тус аймгийн Зэрэг сумын уугуул Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж, амжилт хүссэн илгээлт ирүүлсэнийг наадамд оролцсон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан уншиж сонсголоо. Мөн ОХУ-ын Тува улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлсэн байна. Түүнчлэн Ховд нутгаас төрсөн алдар гавьяатнууд наадамчидтай цэнгэлдэх хүрээлэнг тойрон алхаж хүндэтгэл үзүүлэн мэндчилжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар зохион байгуулсан Баатар хайрханы тухай дууны уралдаанд түрүүлсэн Баяраагийн шүлэг, Пүрэвхүүгийн ая “Соёмбот хайрхан” дууг анх удаа наадамчин олны сонорыг мялаан хүргэжээ. Наадамд УИХ-ын даргаас гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Кёкүшюзан Д.Батбаяр, зэргэлдээ аймгийн удирдлагууд, гадаад дотоодын төлөөлөгчид оролцож, хүчит 512 бөх барилдаж, газар газрын хурдан хүлгүүд уралдлаа. Хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Малчин сумын харъяат аймгийн харцага О.Гантулга түрүүлж, УАЗ-469 машинаар шагнууллаа. Аймгийн харцага З.Соёмбо үзүүрлэв. Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд аймгийн арслан цол олгосон юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж