Трамп шинэ хориг батлав

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Трамп шинэ хориг батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лал үндэстэн давамгайлдаг зарим улс орны иргэдийн АНУ руу нэвтрэх эрхийг хязгаарласан шинэ хориг баталсанаа өчигдөр /2017.03.06/ зарлалаа.

Ерөнхийлөгч Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснийхээ дараа долоо хоногт лалын долоон орны иргэдийн АНУ руу нэвтрэх эрхийг 90 хоногоор хязгаарласан шийдвэр гаргасан ч маш их эсэргүүцэлтэй тулгарч, шүүхийн шатанд очиж, Холбооны шүүх царцаагаад байсан юм.

Шинэ зарлигт өмнөхөөс зарим нэг өөрчлөлт оруулжээ. Өмнөх зарлигт Иран, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэд хамрагдаж, хугацаа нь 90 хоног байсан юм. Харин шинэ зарлигт Иракийг хассан бөгөөд хугацааг 120 хоног болгожээ. Мөн Сирийн дүрвэгсдийг бүрмөсөн орохыг хориглоод байсныг цуцалсан байна.

Мөн АНУ-д байнга оршин суух Ногоон карттай хүмүүс хоригт хамрагдаж байсан бол шинэ шийдвэрээр эдгээр хүмүүс чөлөөтэй орж гарах юм. Мөн өмнөх зарлигт нэг дурдагдсан орны шашны цөөнхөд ивээнгүй хандаж, давуу байдал олгосон байснаа бас цуцалжээ. Нэр дурдагдсан улсын иргэн боловч христийн шүтлэгтэй бол АНУ руу орох эрхийг нээлттэй үлдээсэн байсан.

Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр Трампын эхний хориг гарсаны дараа Ирак улс АНУ-ын виз хүсэгчдэд тавих шаардлагаа чангаруулж, АНУ-ын холбогдох албатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож байгаа учраас Ирак “өршөөгдсөн” ажээ.

Трампын шинэ зарлиг гуравдугаар сарын 16-наас хүчин төгөлдөр болох юм.

Ерөнхийлөгчийн шинэ зарлигийг Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Ерөнхий прокурор Жефф Сешнс, Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд танилцуулсан байна.

Шинэ зарлиг бидний эмзэг байдлыг лалын радикал үзэлтнүүд сүйрүүлэх зорилгоор ашиглах боломжийг арилгах зорилготой юм хэмээн Рекс Тиллерсон хэлсэн бол АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээгээр дүрвэгсдийн статусаар АНУ руу нэвтэрсэн 300 гаруй хүн террорист үйл ажиллагаанд холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэгдэн шалгагдсан хэмээн Жефф Сешнс хэлжээ.

Хоригт хамрагдсан орнуудын гурав нь терроризмийг тэтгэгч хэмээн Сешнс хэлсэн байна.

Хэвлэлийн бага хуралд оролцсон гурван эрхэм сэтгүүлчдийн асуултад хариулалгүй, зөвхөн мэдээлэл хийсэн байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж