ДТГ хуучин байраа түрээслүүлсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

ДТГ хуучин байраа түрээслүүлсэн байжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчийн газрын байранд хууль бусаар казино ажиллуулж байсан нь илэрсэн гэх мэдээлэл өчигдөр /2017.03.07/ Оросын сайтад цацагдсан юм. Тэгвэл Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Д.Даваасүрэн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр тайлбар хийлээ.

Нууц казино явуулж байсан гэх байрнаас Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нүүсэн байсныг ГХЯ-наас мэдэгдлээ. Мөрийтэй тоглоом нууцаар байрласан гэх барилга нь 1965 онд ашиглалтад орсон. Москва хотын захиргаа, мэргэжлийн байгууллагуудын зүгээс тус байр хэтэрхий хуучирсан осол гарах магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн ажилчид 105 дугаар байр руу нүүсэн аж. Үүний дараа тус байрыг Москвагийн Центр Регион Стиль гэх компанид түрээсэлсэн гэв. 2007 онд анх түрээсийн гэрээг байгуулж байхдаа урт хугацааны буюу 10 жилийн гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээ энэ оны есдүгээр сард дуусна гэдгийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн хэллээ. Тэрбээр “Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа өчигдөр /2017.03.06/ ЭСЯ-ны хоёрдугаар байрны түрээслэгчтэй холбогдоход тийм зүйл болоогүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэсэн бол ЭСЯ-ны яамны ажилтнууд уг байрыг шалгахад цагдаа хууль, хяналтын байгууллагаас битүүмжилсэн зүйл үгүй, хаалга үүд нь хаалттай байсан байна” хэмээн ярилаа. Түрээслэгчдийн зүгээс түрээсийн байранд нууц казиногийн үйл ажиллагаа явуулж байсан гэдэг мэдээллийг няцаажээ. Гэхдээ Монголын талаас нягтлан шалгахаар ажиллаж буй тухай ГХЯ-наас мэдэгдлээ. Гурван давхар тус байр нь орон сууцны зориулалтаар анх баригдаж байсан бөгөөд 1300 орчим мКв талбайтай гэлээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод Монгол Улсын гурван объект бий гэнэ. Тодруулбал, Москва дахь Монголын Элчин сайдын яамны байр, Дипломат төлөөлөгчийн байр болон Худалдааны төлөөлөгчийн газар, 105 дугаар байр гэсэн объектууд байдаг аж. Одоогоор энэ асуудлаар ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас ГХЯ-нд албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд хэрэв “Центр регион эстэйт” ХХН 2007 оны гэрээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол ГХЯ гэрээг даруй цуцална гэлээ.

Зураглаач Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж