МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал өнөөдөр /2017.03.06/ МҮЭСТО-нд боллоо. Хурлыг улс орны эдийн засгийн нөхцөл, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийн байдал, цаашид авч явуулах арга хэмжээнүүдийг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа юм байна.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хурлын индэр дээрээс “Иргэдийн цалин орлого нэмэгдэхгүй байна, ажилгүйдэл ядуурал өдрөөс өдөрт гүнзгийрлээ. Ийм үед гадна дотны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх хатуу байр суурийг өнгөрсөн жилээс Засгийн газар, УИХ-д бид тавьсаар байна. ОУВС-гаас санал болгосон татвар нэмэх асуудлыг нийгмийн түншлэгч талууд зөвлөлдөх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр Засгийн газар төсвийн тодотголыг бие дааж УИХ-д оруулж байгаа нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд, Засгийн газар эргэн харж иргэдийнхээ амьдрал,эдийн засгийн нөхцөл байдлыг харилцан уялдаатай авч үзсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээсэй” гэлээ.
Энэ жилд Монголд үйлдвэрчний хөдөлгөөн үүссэний 100 жилийн ой, МҮЭ-ийн үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа юм байна.
Т.МӨНХ