Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч, өвөл орсон цас хайлж, нойтон цас орж буйтай холбогдуулан иргэд олон нийтийг болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн өвөл манай аймгийн хэмжээнд цас их орсны улмаас зудтай, нийт аймаг орон нутаг цасан бүрхүүлд хучигдсан. Одоогийн байдлаар цасан бүрхүүл хайлж дуусаагүй, энэ цаг үед гэнэтийн дулаарлаар үер бууж болзошгүй хэмжээнд байгаатай холбоотойгоор Хотын захирагчийн алба, Хот тохижуулах газар, Онцгой байдлын газар, Баян-өндөр сум хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд, ус буудаг газар,суваг шуудуу, бусад нөхцөлүүдтэй танилцан, зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлжээ.
Орхон аймагт хамгийн сүүлд 2013 онд шар усны үер бууж байсан ба Уртын гол, Шанд багийн оршин суугчдын хашаа усанд автаж байсан юм.
Иймээс аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдэд хандан, амьдарч буй орчноо цэвэр байлгахын тулд суваг гаргах, хайлж орж ирэх үер усанд автахаас болгоомжилж ариун цэвэр 00-ын цэгүүдийг усанд автуулалгүйгээр далан хаалт, хамгаалалт хийхийг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN