Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Уфа хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэхүү тэмцээнд 2015, 2016 оны ДАШТ, тивийн АШТ-д түрүүлсэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин урилгаар оролцдог юм. Манай улсаас өнгөрсөн оны тивийн аваргад түрүүлсэн Их мастер, Азийн аварга Р.Манлай, Их мастер, Азийн аварга М.Нямжаргал нар дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа сорьж байна.
Их мастер Р.Манлай хоёрдугаар өрөгтөө түргэн тоглолтын дэлхийн аваргын мөнгөн медальт, Африкийн аварга Н.Самбийг хоёрдугаар өрөгт хожжээ. Манай тамирчин дөрвөн өргийн дараа долоон оноотой болсон байна. Эрчүүдийг дэлхийн аварга Нидерландын Боомстра, Европын аварга ОХУ-ын А.Чизов нар 12 оноотой тэргүүлж байна.
Эмэгтэйчүүдийг ОХУ-ын Алиа Аминова 15, Латвийн Елена Сеснокова 14 нар итгэл төгс тэргүүлж байгаа бол их мастер М.Нямжаргал таван оноотой болжээ.
Өнөөдөр Дэлхийн цомын амралтын өдөр бөгөөд маргааш тав дахь өргийн тоглолт болно. Цомын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн ес дэх өрөг ирэх ням гаригт буюу гуравдугаар сарын 12-ны өдөр болсноор өндөрлөнө.
Эх сурвалж: http://ufa17.fmjd.org/
Ч.БОЛОР