АНУ-ын кино акедемийн 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслол буюу "Оскар"-ын "Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино" төрөлд нэр дэвшсэн "Куржет хүүгийн амьдрал" /My life as courgette/ хүүхэлдэйн киноны найруулагч Клауд Варрас Монголд цөөн хоногийн хугацаатай иржээ. Түүнтэй хүүхэлдэйн киноных нь талаар болон өөрийнх нь талаар цөөн үг солилоо.
-Юуны түрүүнд танд Оскард нэр дэвшсэнд баяр хүргэе. Монголд хэзээ ирсэн вэ?
-Баярлалаа. Оскарын шагнал гардуулах ёслолын дараа 6 хоногийн хугацаатай Монголд ирлээ. Шууд ирсэн учраас замдаа бага зэрэг ядарсан. Гэхдээ хийх ёстой ажлуудаа амжилттай хийж дуусгалаа. Жишээ нь өөрийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоо саяхан “Тэнгис” кино театрт гаргалаа.
Энэ талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
-Та өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулаач. Найруулагч болох нь таны багийн мөрөөдөл байв уу?
-Би Швейцар Францын дунд байдаг Алпс гэх нутагт тариачны гэр бүлд төрсөн. Багаасаа зураг зурах их сонирхолтой байлаа. Энэ сонирхол маань намайг найруулагч болоход маань их нөлөөлсөн гэж боддог. Өөрийн гэсэн уран бүтээл гаргахаасаа өмнө бусад хүмүүсийн хүүхэлдэйн киноны гол баатруудын дүрийг зурж өгдөг байсан. Ингэж явсаар сүүлдээ өөрөө кино найруулах сонирхолтой болсон доо.
-Монголоор аялж, зугаалах зав гарсан уу. Монгол орон танд таалагдав уу?
-Улаанбаатар хотоос гадагш гараагүй л байна. Гэхдээ саяхан найзуудтайгаа явж морь унаж, цагийг их сайхан өнгөрөөлөө. Миний төрсөн газар Монгол шиг уул хад ихтэй байдаг учир их сэтгэлд ойрхон тухтай байлаа.
-Та монгол найзтай гэсэн үг үү?
-Манай найзын эгч нь Улаанбаатарт ажилладаг юм. Эгчтэйгээ холбогдож энд ирсэн дээ. Хажуугаар нь киногоо ч гаргачихлаа. Манай киног Монголын үзэгчид их эмоцитой хүлээж авсанд маш их баярласан. Киног маань үзээд гаргаж байгаа хариу үйлдэл сайхан сэтгэгдэл төрүүлсэн учраас монголчуудыг судлах сэдэл төрсөн.
-“Куржет хүүгийн амьдрал” таны анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэж дуулсан юм байна?
-Тийм. Анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино маань өндөр амжилт үзүүлсэнд их баяртай байгаа. Өмнө нь богино хэмжээний зургаан хүүхэлдэй хийж байсан нь энэ киног хийхэд их туршлага болсон. Дээрээс нь киноны маань сурталчилгааг Америкийн нэгэн зар сурталчилгааны компани болон Швейцар Улсаас маш сайн хийж хүмүүст хүргэсэн. Зар сурталчилгаа сайн хийж олон нийтэд таниулсан нь амжилт олсон нэг шалтгаан байсан болов уу. Дээрээс нь Куржет хүүгийн амьдрал киног бүтээхийн тулд 80 мянга гаруй зураг авсан. Нэг үйл хөдөлгөөн гаргахын тулд секундэд ойролцоогоор 12 зураг авсан.
-Монголын кинонуудыг үзэж, сонирхов уу? Монголчууд кино урлагаа хөгжүүлж дэлхийн тавцанд гаргахын тулд яах ёстой вэ?
-Харамсалтай нь, би монгол киноноос үзэж амжаагүй байна. Ер нь киног хийхдээ ямар хүмүүст зориулж хийж байгаагаа мэдрэх нь маш чухал. Хэрэв Монголын үзэгчдэд зориулж кино хийхээр болбол тэд юу үзэх дуртай байна, ямар кино үзмээр байгааг нь эхлээд судлаад үүнийхээ дагуу сэдвээ барьж авах нь зүйтэй. Харин олон улсын түвшинд таарсан кино хийхээр бол дэлхий нийтэд тулгараад буй нийтлэг асуудлын талаар хийх хэрэгтэй байх. Ер нь орчин үеийн кино урлаг хоёр янз болоод байна. Нэг хэсэг кино компани болон найруулагч нар яг урлаг талаас нь хийж байна, харин бусад нь илүү олон нийтийг хамарсан буюу хөрөнгө татах маягийн кино хийдэг болоод байна. Миний бодлоор Монголчууд өөрсдийнхөө онцлогийг харуулсан кино хийвэл илүү амжилт олох байх. Хэрэв гадаад киног дуурайх юм бол тийм ч сайн хүнд хүрэхгүй болов уу.
-Куржет хүүгийн амьдрал хэдэн төгрөгөөр бүтсэн вэ? Үзэх тусам ямар нэг хэсгийг нь өөрчлөх бодол төрдөг үү?
-Кинондоо би сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс болж 10-аад минутын үйл явдлыг нь хасах шаардлагатай болсон. Ер нь Холливүдийн кинонуудтай өрсөлдөнө гэдэг хэцүү. Тэд бол мөнгөтэй, нэг киног 80 гаруй сая ам.доллараар бүтээж байна. Харин “Куржет хүүгийн амьдрал” кино 8 сая еврогоор арай гэж “өндийсөн”.
-Цаашдаа ямар бүтээл туурвихаар төлөвлөөд байна?
-Орчин үеийн хэрэглээ болон уламжлалт аргын тухай өгүүлэх шинэ хүүхэлдэйн кинон дээр ажиллаж эхэлж байгаа. Шинэ технологиуд байгаль дэлхийг хэрхэн сүйтгэж байгаа талаар гарах энэ кино маань нүүдэлчин соёлтой Монголчуудын сонирхлыг татна гэж найдаж байна. Цаашдаа энэ зунаас эсвэл дараа жилээс Монголд тухтай аялахын хажуугаар шинэ хүүхэлдэйн киногоо ч гаргана гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.
Г.БАТТҮШИГ