Ким Жун-намын гэр бүлийг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.08-нд нийтлэгдсэн

Ким Жун-намын гэр бүлийг хамгаалалтад авчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-нам өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Малайзын нисэх буудалд бусдад хорлогдон нас барсан билээ. Куала-Лумпураас Макао руу нисэхээр хүлээж байсан Ким Жун-намыг үл таних эмэгтэй нүүр рүү нь химийн бодис цацаж хордуулсан гэж мэдээлж буй. Тэгвэл Макаод амьдарч байсан Ким Жун-намын гэр бүлийг  “Cheollima иргэнийг хамгаалах” байгууллага хамгаалалтад авсан талаараа мэдээлсэн байна. Тус байгууллагаас Ким Жун-намын хүү Ким Хан-солийн видео бичлэгийг “YouTube”-д байршуулжээ.

 

40 секунд үргэлжлэх видео бичлэгт  “Намайг Ким Хан-соль гэдэг. Би Хойд Солонгосын иргэн, Кимийн гэр бүлийн нэг. Манай аав хэдэн өдрийн өмнө бусдын гарт амиа алдсан. Би ээж, охин дүүтэйгээ хамт байгаа. Биднийг хамгаалалтдаа авсан байгууллагад маш их баярлаж байна. Мөн Хятад, АНУ, Нидерланд болон дөрөв дэх орны зүгээс яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархаж байна. Удахгүй бүх зүйл сайхан болно гэж найдаж байна” хэмээжээ.  

Тэрбээр өөрийгөө Ким Хан-соль гэдгийг нотлохын тулд пасспортоо үзүүлжээ.

Ким Хан-соль Парист шинжлэх ухааны их сургууль суралцаж, дараа нь Оксфордын их сургуульд элссэн боловч аюулгүй байдлын улмаас орхисон байна.

“Cheollima иргэнийг хамгаалах” байгууллага нь Хойд Солонгосоос дүрвэгсдийг  орон байраар хангаж, бусад орноос орогнол авахад тусалдаг аж. Ким Жун-намын гэр бүл тус байгууллагад хандсаны дагуу хамгаалалтад авсан байна. Харин Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Жон Жун-хи видео бичлэг дээрх эрэгтэйг Ким Хан-соль мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж