“Татвар”-ын Б.Баттөмөр

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

76:1

“Татвар”-ын Б.Баттөмөр

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу цувралаар танилцуулж буй. Өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөрийг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулан, Дархан-Уул аймгаас сонгогдсон түшээ бол Б.Баттөмөр юм. Шинээр сонгогдсон хууль тогтоогч дундаа бэлтгэгдсэн улстөрчид тооцогддог.

МАН боловсон хүчнүүдээ хойд хөршид сурган, бэлтгэдэг байсны сүүлчийн төлөөлөл нь болсон юм.

Анхны эзэмшсэн мэргэжил нь Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер механик боловч ардчилсан хувьсгал мандсаны дараа жил буюу 1991 онд ОХУ-ын Москва хотноо Нийгэм-улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач мэргэжлээр суралцан, төгсчээ.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд эдийн засагч мэргэжлээрээ голлон ажилласан.

Олон нийт түүнийг “Гаалийн Б.Баттөмөр, Татварын Б.Баттөмөр” гэж ярьдаг нь Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг хоёр гол газрыг удирдаж байсантай нь холбоотой.

Дээрх газруудыг удирдаж байхдаа үйл ажиллагааных нь зарчим, арга барилыг орчин үеийн шатанд гаргах ажлыг гардаж гүйцэтгэжээ. Мөн Монгол Улс 2000 оны эдийн засгийн хямралыг даван туулахад Гаалийн байгууллага гол ажлуудаас нугалалцсан гэх нь бий.

Энэ үед тэрбээр Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан ч улмаар дарга нь болж, дэвшиж байжээ.

Гаалийн байгууллагыг мэргэжлийн төвшинд удирдсан учраас татвар гэх том айлын ажлаас нугалалцах даалгаврыг авсан. Гэвч улстөрийн хавчлагаас болж, хоёр жил удирдаад чөлөөлөгдсөн байдаг.

Хувийн бизнесийг нь сонирхуулбал, “Тес петролиум” компанийг үүсгэн байгуулагч юм.

Нефть импортлогч компаниуд дундаа нэг их томд тооцогддоггүй ч Б.Баттөмөр гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч цорын ганц хүн нь юм.

Тэрбээр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой гэсэн байр суурь барьж ирсэн нэгэн.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 орчим жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэртэй болох тухай бодлогыг Засгийн газар бүр нь ярьж, тодорхой бодлого дэвшүүлсэн ч ажил хэрэг болж чадаагүй шалтгааныг Б.Баттөмөр гишүүн дотоодын улс төржилт саад болж ирсэн гэж тодорхойлдог. Хэрэв Монгол Улс дотооддоо жилд 1.5-2 сая тонн газрын тосыг боловсруулах үйлдвэртэй болчихвол гадагш урсгаж байгаа асар их валютыг хэмнэх боломжтой. Даанч энэ ажлыг хийхэд улс төржилт саад болж байгаагийн зэрэгцээ сэтгэл дутаад байна гэж тэрбээр дүгнэжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс жилдээ 600-700 сая ам.долларын нефть бүтээгдэхүүнийг импортоор авдаг болсон байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний илүүдэл үүсч, үнэ хямдарсан үеийн үнэ гэнэ. Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байсан үед жилд 1-1.2 тэрбум ам.долларыг зөвхөн нефть авахад зарцуулж байжээ.

Харин энэ хугацаанд эрхтэн, дархтнууд олон ч газар газрын тос боловсруулах үйлдвэр барих шав тавьж амжсан. Тухайлбал, 2008 онд Дарханд Японы технологиор газрын тос боловсруулах үйлдвэр барина хэмээн шав тавьсан бол 2016 онд Шийдлийн Засгийн газрын үед Бор-Өндөрт бас нэгэн шав тавьжээ.

Өнгөрсөн онд Мэргэжлийн Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншандад шав тавих талаар ярьж эхэлсэн байна. Ийн Засгийн газар солигдох бүрийд газрын тос боловсруулах үйлдвэр барих газрын нэр өөрчлөгдсөөр асар их цаг хугацааг алдсаар ирсэн.

Иймээс Ж.Эрдэнэбатын танхимын хийх том ажлын нэг нь нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах явдал гэж тэрбээр үздэг билээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979 онд Хөдөө аж ахуйн их сургууль, инженер механик
  • 1991 онд ОХУ Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль, эдийн засагч улс төр судлаач
  • 2001 онд Монгол улсын их сургууль. Хууль зүйн дээд сургууль. Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газар дэд дарга, дарга
  • 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газар дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2001 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи
  • Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж