Шинжаанд дахин халдлага боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Шинжаанд дахин халдлага боллоо

Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужийн Кашгар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд тайван бус байдал дахин үүсч, наад зах нь 15 хүн амиа алдсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Хурцадмал байдал өнгөрсөн бямба гаригт хоёр этгээд ачааны машины жолоочийн аминд хүрч, улмаар явган хүний зам дээр явж байсан иргэдийн араас хөөж, зургаан хүнийг хутгалж амийг нь егүүтгэсэн хэрэг гарах үеэс эхэлжээ. Халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь үймээний үеэр амиа алдсан байна. Харин ням гаригт халдлага үргэлжилж, тэсрэх бөмбгөнд гурван хүн өртөж үрэгдсэн бол цагдаагийн нэг ажилтан буудуулж амиа алдсан байна. Шинжаан муж нь Мусульман шашинтай Уйгарын цөөнхийн өлгий нутаг бөгөөд сүүлийн үед энэ мужид үндэстнүүдийн хооронд үймээн самуун байнга гарах болсон.

Амралтын өдрүүдэд болсон халдлагын үеэр 28 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ба орон нутгийн албаны хүмүүс халдлагуудыг Уйгарууд үйлдсэн гэж үзэж байна. Өнгөрсөн долдугаар сарын хугацаанд Шинжаан мужид хоёр ч удаа хүчирхийлэл түрэмгийлэл үүссэний дотор Хөтиэн хотын цагдаагийн газарт өнгөрсөн сарын 18-нд халдаж, хэд хэдэн энгийн иргэд болон цагдаагийн ажилтнууд амиа алдсан. Халдлага болох тоолонд Хятадын удирдлагууд Уйгарын цөөнхийн бүлэгт бурууг өгч, террорист халдлага үйлдэгчид хэмээн буруутгадаг бол Уйгарын тэмцэгчид эсрэгээрээ засгийн газрын хүчнийг буруутгадаг. Шинжаан мужийн хүн амын ихэнх хэсгийг Уйгарчууд бүрдүүлдэг бөгөөд сүүлийн үед Хятад үндэстнүүд тус мужид ихээр ирж суурьших болсон явдал нь Уйгарчуудыг бухимдуулж буй гол шалтгаан ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж