Дэлхийн лидерүүд Хойд Солонгосыг буруутгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн лидерүүд Хойд Солонгосыг буруутгаж эхэллээ

АНУ-ын агаарын хүчний U-2 цэргийн онгоц Сөүлээс өмнө зүгт орших Усан агаарын баазад газардав. 2017.03.06

Хойд Солонгос даваа гаригийн өглөө /2017.03.06/ дөрвөн ч удаа баллистик пуужин харвасан үйлдлийг олон улсын лидерүүд шүүмжлэн буруушааж байна.

Хоёрдугаар сарын 16-нд Малайзын Куала Лумпур дахь олон улсын нисэх буудалд Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хордуулж хөнөөсөн хэргээс үүдэн Малайзтай таагүй харилцаатай болсон, үүний өмнө дундын зайн пуужингийн туршилт хийснээс үүдэн тэдний цорын ганц гол түнш болох Хятад нүүрсний импортоо тодорхой хугацаагаар зогсоосон гээд Кимийн дэглэмийн хувьд ээдрээтэй нөхцөл байдал хэдийнэ бий болоод байсан.

Гэтэл Пхеньян дахин пуужин харвасан нь байдлыг бүр дордуулж, олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Энэ мэт өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг шаардаж Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Пхеньяныг шүүмжлэв. Тэрбээр пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн удаа дараагийн тогтоолыг зөрчсөн явдал төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэлээ.

АНУ болон Япон энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүсчээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абе “онц аюултай үйлдэл” гэж тодорхойлсон юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё-ан Пхеньяны үйлдэл олон улсын эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй гээд, хэдийгээр Хятад таагүй хандаж байгаа ч Сөүл АНУ-ын пуужингийн довтолгоог эсэргүүцэн хамгаалах системийг нэн даруй байрлуулна гэж мэдэгдэв.

Харин энэ зуур Хойд Солонгосын эрх баригчид АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхлүүлснээрээ цөмийн зэвсгийн гамшгийг өөрсөд рүүгээ чиглүүллээ гэж заналхийлсэн юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хаягласан захидалдаа НҮБ дахь Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Жа Сун Нам гуравдугаар сарын 1-нд эхэлсэн АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь “цөмийн дайны сургуулилт байсан нь илэрхий” хэмээн дурджээ. Тэрбээр мөн “Эцэст нь, Солонгосын хойг дахь нөхцөл байдал дахин цөмийн дайны ирмэгт ирлээ” гэсэн байна.

Хойд Солонгосын харвасан дөрвөн пуужин 1000 км орчим зам туулж, гурав нь Япон тэнгист унасан. Харин Японы талаас үүнийг эдийн засгийн онцгой бүсэд газардсан гэж мэдэгдсэн юм. Харин дөрөв дэх нь тус бүсийн гадна унасан гэжээ.

Тунчан-ригаас харвасан пуужин Японы Акита мужийн Ога арлын ойролцоо, арлаас 300 км орчимд зайд тэнгисийн усанд унажээ.

Өмнөд Солонгосын албаны хүмүүс чухам ямар төрлийн пуужин харвасныг тодорхойлж хэлэхэд учир дутагдалтай гэж мэдэгдсэн. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тив алгасах алсын тусгалтай баллистик пуужин биш, Хойд Солонгосын урьд өмнө туршиж байсан дундын зайн тусгалтай пуужин байж болзошгүй аж.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, тэнгисийн цэргийн ахмад Жефф Дэвис Хойд Солонгос пуужин харвасан асуудлаар хариу мэдэгдэл хийгээгүй боловч АНУ-ын зүгээс тив алгасах алсын зайн тусгалтай пуужин харвах оролдлого хийгдээгүй гэдгийг батлан мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр илүү олон пуужин харвасан байж болзошгүй гэжээ. “Газардсан нь дөрөв. Гэвч үүнээс олон пуужин харвасан байж болзошгүй. Тэдний дөрөв нь Япон тэнгисийн усанд газардсан” гэв.

Европын холбооны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга Федерика Могерини Хойд Солонгосын пуужин харвасныг НҮБ-ын хэд хэдэн тогтоолыг үл тоомсорлосон үйлдэл гэв. Харин ОХУ-ын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ асуудалд Орос ихээхэн санаа зовинож байна” гэж мэдэгдлээ.

Мөн Францын Гадаад хэргийн яам Хойд Солонгосыг олон улсын хууль дүрмийг даган мөрдөж, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс татгалзахыг шаардсан мэдэгдэл гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн “Foal Eagle” хэмээх АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “дайралт хийхээр завдаж буй бэлтгэл сургуулилт” гэж мэдэгдсэн юм. АНУ 28500 орчим цэргийн бие бүрэлдэхүүнээ Өмнөд Солонгост байршуулсан бөгөөд энэ оны сүүлч гэхэд THAAD хэмээх пуужингийн довтолгоог агаарт эсэргүүцэн хамгаалах системийг бүрэн суурилуулах төлөвтэй байгаа юм.

Япон мөн пуужингийн довтолгооноос хамгаалах системээ хүчирхэг болгохоор ярилцаж байна. АНУ-ын хөгжүүлсэн THAAD систем, эсвэл одоо Япон тэнгис дэх хөлгүүдэд байршуулсан байгаа Aegis газарт суурилуулах системийн аль нэгийг сонгон байрлуулах бололтой.

Малайз дахь Хойд Солонгосын Элчин сайд Кан Чоль Малайзыг орхин гарав. 2017.03.06

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж