ордон хөл хөдөлгөөн багатай байна. Аймгуудын наадамд явсан гишүүд
амралтаа үргэлжлүүлж хараахан эргэж ирээгүй байгаа аж. Ховд аймгийн 80
жилийн ойн баярт оролцсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нутагтаа хэд хоног
алжаал тайлахаар болжээ. Түүнийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд орлож байгаа
юм байна. Түүнтэй цаг үеийн зарим сэдвээр тодруулж товч ярилцлаа.
-УИХ-ын чуулганы завсарлагаар гишүүд юу хийж байна. Хэдэн гишүүн
одоогийн байдлаар ажиллаж байгаа вэ. Ээлжит бус чуулган хуралдах төлөв
байна уу. Хуралдвал ямар асуудал хэлэлцэх вэ?
-Яг хэдэн гишүүн ажиллаж, амарч байгаа нарийн тоо надад алга. Тамгын
газар бүртгэж байгаа. Намрын чуулганы өмнө ээлжит бус чуулган хийхийн
тухайд УИХ-ын зүгээс төлөвлөсөн зүйл алга. Зарим гишүүний хувьд төсвийн
тодотгол хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Дулааны улирал
дуусаагүй дээр барилга, их засварын ажил хийх бололцоотой үед төсвийн
тодотгол хийе гэсэн саналтай гишүүд байна. Өнгөрсөн жил төсөв батлахдаа
дутуу хөтүү баталсан, хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байж магадгүй
зүйлийг нөхөж, дулааны улиралд ажиллах хэрэгтэй юм биш үү гэсэн гишүүд
бий. Тэгэхдээ үүнийг албан ёсны хүсэлт болгож шийдвэр гаргадаг хүн нь
УИХ-ын дарга. УИХ-ын дарга амраад хөдөө явсан. Үргэлжлүүлээд наймдугаар
сарын 1-нээс хэд хоног амрах байх. Би түр орлож байна. Одоогоор надад
хэлсэн зүйл, эсвэл Засгийн газраас энэ асуудлыг ээлжит бус чуулган
зарлаж хэлэлцүүлж өгнө үү гэсэн албан ёсны зүйл байхгүй.
-Хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгүүд хуралдаж байгаа юу?
-Яг одоогоор ажлын хэсгүүд нэг их хуралдаагүй байна. Орон нутгийн
наадмуудад гишүүд нэлээд оролцсон. Амралтын голдуу байдалтай байна.
-Намын бүлгүүд, УИХ-д суудалтай намын байгууллагууд гишүүд,
ажилтнуудаа “Наймдугаар сарын 10 гэхэд ерөнхийдөө бэлэн бай. Ээлжит бус
чуулган чуулах байх гэжээ” гэсэн утгатай мэдээллүүд гарч байна. Тийм
тодорхой шийдэр намуудаас гарсан болов уу?
-Тийм үү. Түүнийг аль нэг намын бүлэг дангаараа шийддэг асуудал биш л
дээ. УИХ-ын удирдлагаас шийдвэр гарч байж ээлжит бус чуулган хуралдана
шүү дээ. “Магадгүй шүү” гэж хэлсэн байж мэднэ. УИХ-ын хаврын чуулганыг
хааж Д.Дэмбэрэл дарга үг хэлэхдээ тиймэрхүү санаа хэлсэн. “Шаардлагатай
бол ээлжит бус чуулган зарлаж хуралдуулж магадгүй гэж”. Түүний дагуу л
гишүүдээ “Анхааралтай байгаарай. Ажил, амралтаа зохицуулж байгаарай”
гэсэн агуулгаар хэлсэн байлгүй дээ.
-УИХ-аас ойрын үед хийхээр төлөвлөсөн ямар ажил байгаа бол?
-УИХ-ын ажлууд байнгын хороодынхоо шугамаар явна. Хяналт шалгалтын
ажлууд, хууль хэрэгжүүлэх ажлууд гэх зэрэг ажил байгаа. Намрын
чуулганаар хэлэлцэх эхний асуудлууд болох Сонгуулийн хууль, Төсвийн
тухай хууль гэх зэрэг томоохон хуулиудын ажлын хэсгүүд наймдугаар сарын
дундаас хуралдаж асуудлаа бэлтгэж эхлэх байх гэж бодож байна. Намрын
чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, дарааллыг УИХ-ын дарга
баталчихсан. Түүний дагуу байнгын хороод ажиллаж эхлэх байх. Урьд нь
хэлэлцээд эхний шатаа даваад эцсийн хэлэлцүүлэгт бэлэн болсон хэд хэдэн
хуулийн төсөл бий. Түүний эцсийн бэлтгэл ажлыг хангаад намрын чуулган
эхлэхэд зарим хуулийг шууд батлаад эхлэх болов уу гэж бодож байна.
Санаанд орж байгаа нэг хуулийг хэлэхэд Хадгаламж зээлийн хоршоодын тухай
хуулийн шинэчилсэн найруулга явж байгаа. Эцсийн хэлэлцүүлгийг байнгын
хороон дээр хийсэн. Одоо нэгдсэн хуралдаанаар ороод шууд батлагдаад явах
бололцоотой. Энэ мэтчилэн хуулиудын бэлтгэлийг хангах ажил байна.
-Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яах вэ.
Х.Наранхүү гишүүний талаар УИХ-ын удирдлагад бичиг ирсэн үү. Эсвэл АТГ
зүгээр дуудаж уулзаж шалгаж байгаа юу?
-Х.Наранхүү гишүүний хувьд надад лав ирсэн бичиг байхгүй. Д.Дондог гишүүний хариуг өгчихсөн. УИХ тэр байр суурин дээрээ байна.