Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор өнгөрсөн арванхоёрдугаар сараас 11 уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журам хэрэгжиж эхэлсэн ч үүргээ гүйцэтгэж чадсангүй. Нийслэлчүүд түгжирдгээрээ, түгжирсээр.
Дээр нь явган зорчигчид дээрх 10 гаруй уулзвараар нэвтрэхдээ дугуйны нөхөөс болчихгүйн тулд хөл мэдэн гүйж гарахаас өөр арга алга.
Ногоон гэрлээр зорчиж явахад нь гэнэт л автомашин давхиад ороод ирнэ. Дуут дохио ч өгөхгүй. Дэргэд нь шахам замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байгаа ч, тоох ч үгүй. Эрээн модоо эргүүлэн, жолоочийг давхиад гар гэсэн дохиог өгнө.
Үндсэндээ явган зорчигчийг дайраад гарсан ч жолоочийн зөв, харин ногоон гэрлээр гарах нь явган зорчигчийн зөв боловч журам үйлчилж байгаа уулзвараар нэвтэрч явж, автомашинд зам тавьж, өгөлгүй тээг болсноороо хохь болж, буруудаж байна.
Гэтэл энэ баруун гарын нэртэй дүрэм иргэдийн амь насыг авч одсон байвал яах вэ. Энд холбогдох газрууд судалгаа хийж үзсэн зүйл байна уу.
Саяхан Замын цагдаагийн газраас өдөр бүр нэг иргэн автомашины осолд орж байна гэсэн сэртхийлгэм мэдээ гаргасан.
Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй хэвээр л байгаа.
Хэчнээн хүүхэд энэ журмаас болж, аюултай байдалд ороо бол. Хүүхэд битгий хэл томчууд нь энэ журмаас болж амь насаа алдаж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд зам гарч байна.
Ийм журам үйлчилж байгаа болохоор жолооч нар нь явган зорчигчоо хүн ч гэж үзэхгүй. Дайраад л, давшлаад л байна.
Уг нь ногоон гэрлээр гаргачихад 3 минут орчим л хүлээх биз. Үүнээс ч бага хугацааг зарим гэрлэн дохион дээр зарцуулдаг.
Уулзвар бүрт тавигдсан гэрлэн дохионуудад стандарт гэж байдаггүй. Зарим гэрлэн дохио зөвхөн автомашин явахад зориулагджээ гэлтэй явган зорчигч ногоон гэрлээр гарч амжаагүй байхад улаан гэрэл нь асдаг.
Ер нь Улаанбаатар хотын хөдөлгөөнийг зохицуулж байгаа бүхий л дүрэм журам зөвхөн автомашины жолооч нарын эрх ашгийг хангахад зориулагдсанаас явган зорчигчийн эрхийг хангасан дүрэм, журам алга. Байсан ганц эрхийг нь баруун гарын журам гээчээр няц дарсан.
Ийм байхад зам тээврийн осол яаж буурах юм бэ.
Замын цагдаа нь явган зорчигчоо хүндэтгэхгүй байна. Түүний ажил зөвхөн автомашинуудын хөдөлгөөнийг зохицуулах болохоос биш явган зорчигчид жолооч нь зам тавьж өгөх ёстойг сануулсан нэг ч үйлдэл үзүүлэхгүй байна.
Сар шинийн буянаар түгжрэл улам ихсэж, автомашинууд мөлхөж байгаагийн хүчинд явган зорчигчид айдас багатай зорчиж байна. Сар шинэ өнгөрөхөөр дахиад л эрсдэл дагуулсан уулзваруудаар зам гарах болно.
Ингэхэд энэ түгжрэл ч сааруулдаггүй, явган зорчигчоо эрсдэлд оруулж байгаа дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмаа буцааж, өгвөл ахмад настан, хүүхэд, багачуудад мөн ч их тус хүргэх байна даа.
Г.ХОРОЛ