Төрийн ордонд шагналын хур буусан хэвээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр/2017.02.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, МҮОНРТ-ийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Мөн Ховд аймгийн Булган сумын харьяат Ж.Жадамбаа Монгол Улсын гавьяат багш цолоор энгэрээ мялаасан бол “Шилмэл загвар” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ.
Төрийн өндөр дээд цол авсан эрхмүүдээс сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэе.
“Хууль зүйн онолын сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг үнэллээ”
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: Өнөөдөр их баяртай байна. Монгол Улсын дээд боловсролын салбарт цөөнгүй жил хүч, хөдөлмөрөө зориулсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 60 жилийн ой, МУИС-ийн 70 жилийн ойгоор багш, сурган хүмүүжүүлэгчид маань намайг Монгол Улсын шинжлэх ухааны салбарын гавьяат зүтгэлтэн цолоор хоёр удаа тодорхойлж байсан юм.
Энэ тодорхойлолтын үр шимийг Монгол Улсын төрийн тэргүүн толилж, өнөөдөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа.
Шагналын утга учрыг би юу гэж ойлгож байна вэ гэхээр Монгол Улсын хууль зүйн онолын сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг үнэлж, энэ шагналыг олголоо.
Энэ нь ямар хувь нэмэр вэ гэхээр хууль зүйн онолын сэтгэлгээний эрх зүйн сэтгэлгээний ямар онцлог Монгол Улсад байдаг юм, хөгжлийн чиг хандлага нь ямар байдаг юм бэ гэдэг чиглэлээр судалгааны шинэ чиглэл үүсгэж, нэлээд хэдэн шавь бэлтгэж, тэдгээр хүмүүс маань докторын судалгааны ажил хийж, амжилттай хамгаалсан байдаг. Тэгэхээр энэ нь судалгааны шинэ чиглэлийн эх үндсийг тавьж, хөгжүүлсэн байна.
Мөн энэ чиглэлийн судлаачдыг бэлтгэж, шавь сургууль маягийн юм үүсгэсэн байна гэдгийг МУИС-ийн Эрдмийн зөвлөл хүлээн зөвшөөрч, намайг энэ шагналд тодорхойлж байсан нь биеллээ олсонд баяртай байна, баярлалаа.
“Хамт олны маань ажлыг үр дүнг үнэлж, шагнал олголоо”
“Шилмэл загвар” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг: Ахуйн үйлчилгээ, тэр тусмаа хувцас дизайны салбарт 38 дахь жилдээ ажиллаж байна.
Өнөөдрийн авч байгаа шагнал бол ганц минийх биш “Шилмэл загвар” компанийн хамт олны ажлын үр дүнг үнэлж олгож байгаа шагнал гэж ойлгож байна.
Энэ далимд ажиллах бүх л бололцоогоор хангаж байсан гэр бүл, хамтрагчиддаа баярласнаа илэрхийлье.
“Төр засагтаа баярлалаа”
Ховд аймгийн Булган сумын харьяат Ж.Жадамбаа: Ардын боловсролын салбарт 50-иад жил хөдөлмөрлөсөн. Ажиллаж байх хугацаандаа багшаас эхлээд хичээлийн эрхлэгч, сургуулийн захирлаар 20 гаруй жил ажилласан. Хөдөлмөрийг маань үнэлсэн төр засагтаа баярлалаа. Монгол Улсын гавьяат багш болно чинээ бодож байсангүй. Ажлын бүтээлийг маань өндөр үнэллээ гэж бодож байна.
Олон түмнийхээ буян, шавь нарынхаа буян, үр хүүхдийнхээ буян, ханийнхаа буянд энэ өндөр хүндтэй шагнал авлаа, баярлалаа.
“Бүх хүмүүст талархалаа илэрхийлье”
МҮОНРТ-ийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт: МҮОНРТ-ийн сонсогч, үзэгчидтэйгээ 25, 26 жил болсон байна. Сар шинийн босгон дээр радио, телевизийн үе, үеийн уран бүтээлчдийг, тэр дундаа үе үеийн нэвтрүүлэгчдийн залуу халааг, үзэгчдийг, сонсогчдыг Монгол Улсын төр үнэлж, ийнхүү эрхэм сайхан хүндтэй Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байна гэж бодож байна.
Сонсогчиддоо баярлалаа, үзэгчиддээ баярлалаа. Нутгийн зон олон, аав ээж, ах дүү нартаа, ажлынхаа хамт олон, бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Энэ бол зөвхөн миний шагнал биш та бидний бүгдийнх нь шагнал.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй, миний Монголын ард түмэн.
Г.ДАРЬ