Цагаан ордны тэргүүн стратегич Стив Бэннон олон нийтийн өмнө ховорхон гарч ирдэг. Шинжээчид түүнийг Трампын хойно суух нууц ноёнтон, бодлогын хүчтэй зөвлөгч гэдэг.
Стив Бэнноны саяхан хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэе.
Тэрээр ярилцлагадаа “Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр амласан бүх амлалтаа биелүүлнэ. Бүх амлалт удахгүй хэрэгжинэ. Шинэ ерөнхийлөгчийн амлалтууд үндсэндээ гурван хэсэгт хуваагдах бөгөөд эхнийх нь үндэсний аюулгүй болон бие даасан байдлыг хангах явдал. Хоёр дахь нь, эдийн засаг дахь үндэсний үзэл, дэлхийн худалдааны бүтцийг шинээр бий болгох тухай. Гурав дахь нь, нэгдсэн улсын удирдлагын системийг шинэчлэх явдал” гэжээ.
ОЛОН ТАЛТ ХАРИЛЦАА МУУ, ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА САЙН
“Орчин үеийн АНУ-ын түүхэн дэх хамгийн гол алхмуудын нэг бол Трампын Транс-Пасифик нөхөрлөлөөс гарах шийдвэр. Энэ нь манай улсад худалдааны шинэ гэрээ, хэлэлцээ хийх бололцоог олгож, бие даасан байдлаа буцааж авах боломжийг бүрдүүлнэ. Шинэ бас гайхалтай хоёр талт худалдааны харилцааг бататгаж, шударга худалдааны шинэ эринийг эхлүүлнэ. Өндөр үнэлэмж бүхий аж үйлдвэрийн ажлын байрыг бий болгож, Америкийн Нэгдсэн Улсыг буцаан авчирна” гэж тэрбээр тодотголоо.
ОДООГИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ ӨӨРЧИЛНӨ
“Бизнесийн удирдагчдад бидний хэлэх гэж байгаа зүйл бол зөвхөн татвар биш харин шинэ зохицуулалт авчрах тухай билээ. Хэрвээ кабинетийн томилгоог харвал дахин зохион байгуулалтад зориулан хийгдсэн гэдэг нь тодорхой харагдах болно”.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛ “СӨРӨГ ХҮЧИН”. ТЭД УЛАМ ДОРДСООР
Бэннон ярилцлагадаа хэвлэл, мэдээллийн хэрэгслийг “сөрөг хүчин” гэж хэд хэдэн удаа хэлсний зэрэгцээ “Цагаан ордон болон сэтгүүлчдийн хоорондох сөргөлдөөн улам ширүүснэ” гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.
“Корпорацийн болон глобалист мэдээллийн хэрэгслүүд Трамп гэх мэт эдийн засгийн үндэсний үзэлтэй хүмүүсийг уйгагүй эсэргүүцэж байна. Эдийн засгийн байдал дээрдэж, ажлын байр нэмэгдсэн ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Хэрвээ та өөрийн улсаа ямар ч тэлцэлгүйгээр буцааж босгох тухай бодож байвал тэр ямар ч боломжгүй. Өдөр бүр тэмцэл өрнөнө. Тийм ч учраас би Трампаар хамгийн их бахархаж байна”.
АНУ УЛС ТӨРИЙН ШИНЭ ТӨРЛИЙН ТУШААЛ АВЧ СУРНА
“Улс төрийн шинэ тушаал хэлбэржинэ. Энэ өрөөнд сууж буй та популист, консерватив, ардчилсан үзэлт, эсвэл эдийн засгийн үндэсний үзэлтэн байх нь хамаагүй. Бидэнд илүү өргөн, өөр хувилбарын номлол байгаа гэдгийг хэлмээр байна. Миний бодлоор америкчуудын итгэдэг зүйлсийн цөм бол эдийн засагтай үндэстэн хэмээх ойлголт. Эдийн засгийн тухай ойлголт хилээ нээж, дэлхийн зах зээлийг нэгтгэсэн улс байх тухай ойлголт биш. Манай үндэстэн соёл болон ухамсар хэмээх оршихуйн үндэстэй гэдгийг санах хэрэгтэй. Тэр биднийг нэгтгэдэг зүйлс, тэр биднийг цааш хөдөлгөх хүч болно”.
БЕННОН “ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ” БОЛОН “СОЁЛ” ХЭМЭЭХ ҮГСИЙГ ХЭРЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙСЭНГҮЙ
Үндэсний үзэл, ялангуяа “цагаан үндэсний үзэл” гэдэг нэр томьёонууд түүхийн турш арьс өнгөөр ялгаварлах үзлийг тодотгож, цөөнхийн эрх ашгийг хөндсөн сэтгэлгээг төрүүлж ирсэн.
Бэннон цагаан үндэстний үзэлтнүүдтэй дотно харилцаатай байснаараа шүүмжлэгддэг байв. Гэсэн ч тэр “эдийн засгийн үндэсний үзэл” хэмээх нэр томьёог давтан давтан ярьжээ. Дээрх яриа цагаачдын эх орон болсон, олон ургалч соёл бүхий тус үндэстний эсэргүүцлийг дагуулах нь дамжиггүй.
Г.ӨСӨХСАРНАЙ
Эх сурвалж: CNN