Харилцан туршлага солилцлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Харилцан туршлага солилцлоо

БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн хамт олон мэргэжлийн өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэдэг Олимп дээд сургуульд энэ сарын 19-ны өдөр зочлон харилцан туршлага солилцлоо.
БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль нь 7-10 ангийн сурагчдад ерөнхий эрдмийн хичээл болон спортын дасгал сургуулилалтаар дамжуулан ирээдүйн олимпын аваргуудыг бэлтгэдэг. Байгуулагдаад нэг жил гаруй хугацаанд тус сургуульд суралцаж буй сурагчид самбо, жудо, чөлөөт бөх, дугуй, ширээний теннес,шатар, даамын төрлөөр хичээллэдэг бөгөөд дүүрэг, нийслэл, олон улсын тэмцээн уралдаанд тус сургуулийн тамирчид амжилттай оролцож Монгол Улсын нэрийг гаргадаг байна.
Бээжингийн олимпын их наадмаас Монгол Улсын тамирчин алт, мөнгөн медаль эх орондоо авч ирэх үеэс хойш мэргэжлийн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэн гаргах нь зүйтэй гэж үзэж, Монгол Улсын даяан аварга А.Сүхбат аварга Олимп дээд сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй. Дэлхийд Монгол Улсын нэрийг гаргах тамирчдыг бэлтгэн гаргахын тулд дээрх хоёр сургуулийн оруулж буй хувь нэмэр өнөөдөр харагдахгүй ч гэсэн маргааш, Лондонгийн олимп, тэрнээс цааш үр шим нь харагдана гэдэгт итгэлтэй байдаг. Өсвөрийн тамирчид болон мэргэшсэн тамирчдыг бэлтгэн гаргахад чухам юунд анхаарах, бэлтгэл сургуулилалтыг хэрхэн хийж гүйцэтгэдэг эсэх талаар хоёр сургуулийн багш ажилчид харилцан туршлага солилцож нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.

Олимп дээд сургуулийн ерөнхий захирал А.Сүхбат:
-“Нэгэн үзүүрт сэтгэлээр биеийн тамир, спортын салбарт ажиллаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр аливаа тэмцээн уралдаанд манай хоёр сургуулийн тамирчин тэргүүлэхэд сургуулиар маань бус Монгол гэсэн эх орноор маань тухайн тамирчинг нэрлэх болно. Тэгэхээр Монгол Улсын нэрийг тив, дэлхийд цуурайтуулахын тулд хэн,  хэндээ байгаа туршлага, мэдлэг, чадвараар харилцан хамтран ажиллаж байх үүднээс танай хамт олонг /БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль/ сургууль дээрээ урьж оролцуулсан юм” гэв.
БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатар “Монгол Улсыг бүх дэлхийн жүдо, бокс, буудлагаар аваргуудаар нь таньж байна. Танай сургуулиас “Чөлөөт бөхийн аварга төрнө” гэсэн итгэл өвөртөлж, өнөөдөр тамирчдаа бэлтгэж байгаад баяртай байна” гэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж