Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгконгийн багтай хийлээ. Медалийн найдлагаа хадгалж үлдэхийн тулд заавал хожих шаардлагатай байсан энэ тоглолтыг манай баг “гайхалтай” эхлүүлж, 4 гоол дараалж оруулан улмаар энэ давамгайллаа алдсангүй, 8:6-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Манай багийн довтлогч П.Батзаяа 2 минутын зайтай 2 гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар 3 минутын дотор 2 гоолыг хийснээр манай баг тоглолтыг 4:0-ээр тэргүүлж эхэлсэн. Улмаар 1-р үеийн төгсгөлд Б.Цэрэнбалжир, Ц.Шинэбаяр нар нэмж гоол оруулснаар эхний үе 6:2-оор өндөрлөсөн юм. 2-р үед орсон цорын ганц гоолын эзэн нь манай багийн ахлагчаар талбайд гарсан Г.Тамир байлаа. Гэсэн ч Г.Тамир гэмтлийн улмаас тоглолтоо дуусгаж чадсангүй, талбайг орхисон билээ.
Улмаар 2 болон 3-р үед тус бүр 2 гоол оруулснаар Хонгконгийн бага сэргэлт авч, эрчтэй довтолгоог үзүүлж байсан ч манай багийн хамгаалалт сайн байж, тоглолтын төгсгөлд Б.Болдбаяр хоосон хаалганд гоол оруулснаар эцсийн цэгийг тавин тоглолт өндөрлөлөө.
Энэ тоглолтонд Б.Цэрэнбалжир 2 гоол, нийт 3 оноог, Б.Болдбаяр 1 гоол, нийт 4 оноог авч багаа тэргүүлжээ. Манай баг Хонгконгийн багтай өмнө нь 3 тоглохдоо ердөө нэг хожоод байсан юм.
Энэ тоглолтонд ялалт байгуулснаар манай баг 6 оноотой болж хүснэгтийн байраа урагшлуулж чадлаа. Өнөөдөр дивизионыг тэргүүлэгч Тайланд нэмэлт цагт Тайваныг хожсноор манай багт медаль хүртэх найдвар үлдээж чадсан. Бүх зүйл сүүлчийн тоглолт буюу Тайвантай хийх тоглолтоос хамаарна. Тоглолт 2-р сарын 25-нд УБ-ын цагаар 11:00-д явагдах юм.
БИАТЛОНЧИД УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Азийн 8-р өвлийн наадмын биатлоны төрлийн уралдаанууд өчигдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй, эмэгтэй спринт уралдаанууд явагдав.
Эмэгтэйчүүдийн 7,5км-ийн спринт уралдаанд өрсөлдсөн манай 2 тамирчин 19,20-р байрт орсон. Э.Ариунзул нийт 6 бай алдан, 27:49,0 амжилтыг үзүүлж 19-р байрт бичигдсэн бол О.Уранбайгаль түүний ард 5 алдаж, 27:57,5 амжилттайгаар барианд оржээ.
Энэ зайд нийт 22 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Киргизстаны тамирчдын өмнө жагсчээ.
Спринт төрөлд Казахстаны Г.Вишнесвкаяаг гүйцэх тамирчин байсангүй. 2-р байрт байгаа нэг ч алдаагүй цорын ганц тамирчин БНХАУ-ын Ян Жан оржээ. Дараагийн 3 байрт Казахстанчууд бичигдсэн юм.
Өнөөдөр биатлоын төрлөөс 2 алтан медаль авснаар Казахстанчууд нийт алтан медалийн тоогоо гурав болгон ахиулж чадлаа.
Эрэгтэйчүүдийн 10км-ийн спринт уралдаанд өрсөлдсөн ОУХМ Э.Бархүү 30:55,5 амжилтаар 16-р байрт орлоо. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын тугчаар ажилласан тэрээр босоо болон хэвтээ буудлагадаа нийт 4 удаа алдсан байна.
Энэ төрөлд өрсөлдсөн Б.Баттүвшин нийт 6 буудалт алдан 33:43,3 амжилтаар 19-р байрт орсон бол Э.Мөнх-Эрдэнэ ердөө 2 байгаа алдсан ч 34:37,4 амжилтаар 22-р байрт оржээ.
Энэ төрөлд нийт 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид БНХАУ, Австрали, Киргизстан, Тайваны тамирчдыг ардаа орхижээ.
Энэ төрөлд Казахстаны тамирчид алт мөнгөн медалийг хүртэж, Японы тамирчид удааллаа.
ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
Азийн өвлийн наадмыг хамтран зохион байгуулагч Обихиро хотноо явагдаж буй тэшүүрийн төрлийн уралдаанууд өчигдөр болсон гурван зайн тэмцээнээр өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд манай 2 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОУХМ Я.Зоригтбаатар 1:56,77 амжилтаар 16-р байрыг эзэллээ. Харин саяхан ОУХМ-ийн болзлыг хангаад байгаа Д.Гочоосүрэн 2:03,07 амжилтаар 18-р байрт орсон байна. Энэ зайд нийт 20 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Энэтхэг, Шинэ Зеландын тамирчдыг ардаа
орхисон юм.
1500 метрийн зайд БНСУ-ын тамирчин Ким Мин Сёк түрүүлж, Японы хослол мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Тэшүүрийн төрөлд нийт 14 багц медаль олгогдсны 7 алтыг нь Японы баг хүртлээ. Харин БНСУ-ын баг 6 алтан медальтай буцаж байна. БНХАУ-ын баг эрэгтэйчүүдийн 500 метрт түрүүлж, нэг алтан медалийг жагсаалтдаа нэмлээ.
Ж.ТӨГСЗАЯА 25-Р БАЙРТ ОРЛОО
Уулын цанын шигшээ багийн цорын ганц эмэгтэй тамирчин Ж.Төгсзаяа өчигдөр жиант слаломын төрөлд дасгалаа гүйцэтгэлээ. Манай тамирчин 2 гарааны нийлбэр дүнгээр 4:35.99 амжилтыг үзүүлэн 25-р байрт орсон байна. Энэ төрөлд нийт 31 тамирчин өрсөлдсөн бөгөөд Японы тамирчид эхний гурван байрыг эзэлжээ.
Б.ДЭЛГЭРМАА 17-Р БАЙР ЭЗЛЭВ
Гүйлтийн цанын тамирчин Б.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 5км-ийн сонгодог тэшилтийн төрөлд өрсөлдлөө. Тэрээр 20:03.6 амжилтаар замаа дуусгаж 23 тамирчнаас 17-р байрт оржээ. Манай тамирчин ардаа Ливан, Энэтхэгийн тамирчдыг орхисон юм. Энэ зайд Японы тамирчин түрүүлж, Казахстан, БНХАУ-ын тамирчид удаалсан байна.