"ЭРДЭНЭ ЗУУ" ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНСҮРЭН "NEWS TALK" ЯРИЛЦЛАГЫН БУЛАНГИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ТУСГАЙ ДУГААРТ УРИГДЛАА
“Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн ярилцлагаас товчхон…
Хайр бол төрмөл. Таныг аав, ээж чинь хайраар бүтээсэн. Бидний мөн чанар бол хайр. Хайр маш амархан алдардаг.
Жинхэнэ хайранд шалтгаан байх ёсгүй. Та үр хүүхдээ онц авсан болохоор нь бус зүгээр л хайрладаг. Нар зүгээр л ээж байдаг.
Хүн сэтгэл санаандаа муу зүйл бодоод байвал муу л зүйлийг үйлдэнэ. Бодол юу руу урсана түүнийгээ хийдэг. Хулгай хийдэг хүн хулгай хийх талаар бодсон байдаг. Дараа нь ярьдаг. Дараа нь хийдэг. Хулгай хийх бодол байхгүй бол хажууд нь мөнгөн аяга тавьчихсан байхад ч авдаггүй.
Ямар л бодол толгойд орж ирнэ. Үг болгоод хэлээд нэг үз. Үзэг аваад бичээд нэг хар. Чиний дотор юу явдгийг ядах юмгүй мэдэж чадна. Хүний дэргэд хэлэхээс зовмоор, өөрөө хүртэл сонсохоос аймаар. Галзуу хүнээс ялгарах юмгүй гажиг зүйлс бичсэнээ хараад гайхан цочиж балмагдах вий бий. Галзуу хүний ялгаа нь аманд орж ирснээ шууд хэлдэг. Эрүүл хүн хэлдэггүй. Бурхны номонд дотор байгаа муухай бодлоо гаргаж бай гэдэг. Харин сайн сайхан бодлоо хадгалж бай.
Бодол чамгүйгээр орших боломжгүй. Харин чи бодолгүйгээр орших боломжтой. Төрөөд хоёр хонож байхдаа та оршиж байсан уу, байсан. Харин танд бодол байгаагүй. Бодол байхгүй үед та байна гэдэг чинь та бодол бишийн баталгаа. Бид бодолтойгоо өөрийгөө адилтгадгаас зовлон үүсдэг.
Бид бусдыг сайн мэддэг. Ганц л зүйлийг мэддэггүй. Өөрийгөө мэддэггүй. Чамайг хэн сайн мэддэг вэ гэхээр бусад хүмүүс. Яахаараа гуниглаад, яахаар баярлаж байгаагаа мэддэггүй. Зовогч байгаа цагт зовлон заавал байна.
Зовоосон нь тэрний буруу юм бол зовсон нь таны зөв юм уу? Зовохоо харин чи больчихвол зовоож тэр чадах болов уу, чамайг! Сонголт чиний гарт шүү дээ. Бурхан багшийг нэг хүн хараагаад зүхээд байхад зүгээр л сонсоод байсан. Ямар ч зүйл хэлээгүй. Хэрүүлд хоёр хүн хэрэгтэй. Нэг нь чимээгүй болчихвол хэрүүл үргэлжлэхгүй. Ганцаараа хэрэлддэг хүн байхгүй шүү дээ. Гэтэл нөгөө нөхөр зүхэж дууссаны дараа бурхан багш нэг үг хэлчих үү гэсэн. Гэтэл “Одоо л чи юм хэлэх гэж байна уу, хэл” гэж уурласан. Харин бурхан багш, -Та өөрийнхөө мөнгөөр нэг бэлэг худалдаад авчих. Тэр мөнгөөрөө авсан бэлгээ хөршдөө өгье. Хэрэв хөрш чинь бэлгийг чинь авахгүй байвал тэр бэлэг хэнд үлдэх юм бэ? Гэж асуусан. Гэтэл “Чи чинь тэнэг юм уу. Надад л үлдэнэ биз дээ. Иймхэн юм бодож чаддаггүй байж юугаар гэгээрдэг юм” гэж орилж. Бурхан багш дахиад асуулсан. “Чи нэг хүнийг харааж, зүхэж, доромжилж дээрэлхье. Гэтэл цаад хүн чинь чиний доромжлолыг хүлээж авахгүй байвал тэр хараал зүхэл хэнд үлдэх вэ” гэсэн. Бэлэг хэнд үлдсэн билээ. Буддаг хараасан, зүхсэн, доромжилсон. Тэр хүлээж аваагүй.
Яг энэ мөчдөө байгаарай. Зовлон хаана оршдог вэ гэхээр өнгөрсний харуусал, ирээдүйн мөрөөсөлд оршдог. Тиймээс өнөөдрөөрөө аз жаргалтай байгаарай. Энэ мөчид аз жаргалтай байж гэмээн дараагийн мөчид аз жаргалтай байх боломжтой.
Өлссөний дараа идэх ямар амттайг…
Өвдсөний дараа эдгэрэх ямар сайхныг…
Зовсны дараа жаргах ямар амттайг…
Зовлонгоо хайрлая.