ӨЧИГДӨР /2017.02.230/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн хэрэгт буруутган шалгаж буй. Тэрбээр өчигдөр 10.30 цагт АТГ-т гурав дахь удаагаа очиж, байцаалт өглөө. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг байцаах ажиллагаа зургаан цаг орчим үргэлжилж, 16.00 цагийн үед дууссаныг эх сурвалж мэдээллээ. Дэлгэрэнгүй
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд жагсаал хийлээ. Тус хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Засгийн газрын 270-р тогтоолоо цуцлахыг хүрээлэнгийн эрдэмтэд Ерөнхий сайдаас шаардсан аж. Тэд шаардлагын хариуг хоёрдугаар сарын 21-ний өдөр авах байсан ч ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй тул эрдэмтэд ийн эсэргүүцэл илэрхийлсэн юм. Дэллгэрэнгүй
- Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос уяачдад шагнал гардуулах санал гаргасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Төрийн ордонд гардуулсан юм. Дэлгэрэнгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэн, дэмжлээ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийсний дүнд өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсон. ОУВС-аас төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тавьж байгаа юм. Тиймээс Сангийн яам төсвийн тодотголыг боловсруулж, ийнхүү ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүллээ. Дэлгэрэнгүй
Алтан унжлагат гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулна. Олны хайр, хүндлэлийг хүлээж, хөдөлмөрөө үнэлүүлж буй тэдгээр шагнагдагсдын дунд Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн багтжээ. Дэлгэрэнгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулснаа өчигдөр мэдэгдлээ. Ажлын хэсгийн шалгалт дөрөвдүгээр сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд дүгнэлт хийхээр болсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэв. Дэлгэрэнгүй
Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болжээ. Шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагт аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох юм байна. Энэ жилийн хувьд 8000 иргэн бүртгэж түүнээс 1500 иргэнийг сонгон шалгаруулж авах тул солонгос хэл сайн мэддэг хүмүүсийг түлхүү бүртгүүлэхийг зөвлөж байгаа юм байна. Дэлгэрэнгүй