Сирийн Засгийн газар иргэдийнхээ эсрэг буу шагайв

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Сирийн Засгийн газар иргэдийнхээ эсрэг буу шагайв

Сирийн Засгийн газрын хуягт танкууд ням гаригт Хама хотод дайран орж, 70 гаруй энгийн иргэнийг хөнөөж, 100 гаруй хүнийг гэмтэж бэртээсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Сири улсад өнгөрсөн гуравдугаар сараас хойш Засгийн газрын эсрэг босогчид удаа дараа эсэргүүцлийн тэмцэл, бослого өрнүүлж байгаа ба энэ удаа Засгийн газрын зүгээс босогчдын эсрэг маш ширүүн тэмцэл явуулсан нь олон улсын шүүмжлэлийг хүртлээ.

Сирийн Орон нутгийн зохицуулах хорооноос орон даяар наад зах нь 71 хүн амь үрэгдсэний дотор Хама хотод 50 орчим хүн эндсэн гэж мэдээлж байгаа. Харин хүний эрхийн төлөөх бусад байгууллагууд зөвхөн Хама хотод наад дах нь 100 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

Сирийн үндэсний мэдээллийн агентлаг Хама хотын гудамжуудыг хааж, барилга байшингийн дээврээс энгийн иргэд рүү гал нээж, хотод эмх замбараагүй байдал үүсгэж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн өмнөөс Засгийн газрын хүчин гал хариу цохилт өгч байна хэмээн мэдээлж байсан бол хүний эрхийн бүлгэмүүд энэ үйл ажиллагааг хотыг бусниулах ажиллагаа эхэллээ хэмээн тодорхойлж байлаа. Мөн мэдээллийн хэрэгслүүдээр террорист бүлэглэлүүд цагдаагийн төв газар луу дайрч, зэвсэг хулгайлж байгаа талаар дамжуулж байсан ба мөргөлдөөний үеэр аюулгүйн хүчний гурван цэрэг, зэвсэгт бүлэглэлийн гурван гишүүн тус тус амиа алдсан байна. Хама хотод оршин суугчид гудамжинд гарч танкнуудын замыг хаахыг оролдож байсан ба энэ үеэр амиа алдагсдын дийлэнх нь танкны хошууны бай болж, үрэгдэх нь үрэгдэж, гэмтэх гэмтэх гэмтэцгээсэн байна.

Хама хотын оршин суугчдын мэдээлснээр өглөөний дөрвөн цагт тэсрэх бөмбөг, буу шийдэм, орилолдооны чимээ гарч эхэлсэн бөгөөд энэ үед хотын эмнэлгүүд иргэдийг сайн дураар цусны донор болохыг уриалж байсан ч, аюулгүйн хүчнийхэн замуудыг хаасан тул эмнэлэг хүрэх ямар ч боломж байгаагүй байна. Улмаар аюулгүйн хүчний хуягт танкууд хөдөлж байгаа машин болгон руу гал нээж эхэлжээ. Иргэд зөвхөн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна, өөр юу ч хүсээгүй, харин Засгийн газар иргэдийнхээ эсрэг хөдөлж, хайр найргүй хөнөөж байна гэж Сирийн тэмцэгч иргэд мэдэгдэж байна.

Буун дуу хэдэн цагийн турш үргэлжилсний дараа хаа сайгүй хар утаа суунаглаж, иргэд цэргүүдтэй тохиролцож чадлаа Сири улс нэгдлээ хэмээн хашгирч байсан тухай зарим нэг мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа ч байдал хараахан бүрэн тодорхой болоогүй байна.

Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэгчид олон энгийн иргэдийн амь гарзанд гарсан явдлын хариуцлагыг аюулгүйн хүчинд тохож байгаа бол засгийн газар эсрэгээрээ зэвсэгт бүлгүүд уг хэрэгт буруутай хэмээн мэдэгдэж байгаа аж.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад өөрийг нь байр сууриа тавьж өгөхийг шаардсан эсэргүүцэгчдийн эсрэг ийнхүү харгис алхам хийсэн явдал нь дотоодын төдийгүй гадаад улс орнуудын шүүмжлэлийг хүртээд байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Кимүний хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын тэргүүн Сирид болж байгаа үйл явдалд гүнээ харамсч, Засгийн газрыг хүний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоохыг уриалсныг дамжуулжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын тал Сирийн дэглэмийн эсрэг хатуу тэмцэж, Ассадын засгийн газрыг тусгаарлаж, Сирийн ард иргэдийн талд зогсоно хэмээн мэдэгджээ.

Хүний эрхийн хяналтын байгууллагаас долдугаар сарын эхээр Засгийн газрын хүчин Хама хотыг онилж байгаа талаар мэдээлж байсан ба олон улс Сирийн засгийн газрыг хүч хэрэглэх замаар ард иргэдээ буулгаж авч чадахгүй гэж үзэж байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж