Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан АНУ-ын теннисчин Серена Уильямс Bank of the West Classic тэмцээний финалд Францын теннисчин Марьон Бартолиг буулган авснаар өнгөрсөн жилийн “Уимбльдон”-оос хойшхи анхны цомоо хүртлээ. 2010 оны “Уимбльдон” тэмцээнд түрүүлж, ээлжит “Их дуулга”-аа хүртсэнээс хойш гэмтлийн улмаас багагүй хугацаанд уралдаан, тэмцээн өнжсөн тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Стэнфордод болсон тус тэмцээний аваргын төлөөх тоглолтод 7-5; 6-1 харьцаатай ялалт байгуулжээ. Тэрбээр тэмцээний явцад Мария Шарапова, Сабине Лисицки нарын хүчтэй өрсөлдөгчдөө буулган авсан юм. 2009 оноос эхлэн WTA тэргүүн ангилалд багтах болсон Bank of the West Classic тэмцээн нь 700 ам.долларын шагналын сантай бөгөөд Стэнфордын их сургуулийн талбайд зохиогддог юм.
Серена ийнхүү сүүлийн найман тоглолтдоо дараалан хожил аваад байна. Тэрбээр бараг жил орчим хугацаанд гэмтэлтэй байсан учир чансааны тэргүүн эгнээгээ алдаж, өдгөө 169 дүгээрт эрэмбэлэгдээд байгаа юм. Ямартай ч бараг жилийн дараа аваргын цом өргөсөн Серена долоо хоног амраад Торонто болон Цинцинаттийн тэмцээнд оролцох бодолтой байгаа гэнэ.
С.Цэлмэг