Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход:
Тээврийн хэрэгслээр байрлан явах журам зөрчсөн
Урсгал сөрсөн
Хамгаалах бүсээ зүүгээгүй, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй
Тээврийн хэрэгслийн хурдны хязгаар хэтрүүлсэн
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Тиймээс Замын цагдаагийн газраас доорх зөвлөмжийг хүргэж байна.
Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийх хэрэгтэй.
Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг зорихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Иймд иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Шинийн 2-ны өдрөөс хойш орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллана.
Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР