Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газарт хандаж “G-Time” корпорацийн Ерөнхий захирал Ж.М.Жумагулова захидал ирүүлжээ.
Тэрбээр захидалдаа,
“G-Time /Жи Тайм/ корпорацийн Монгол дахь салбар компани 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод албан ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авснаар Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид ямар нэгэн луйврын үйл ажиллагаанд оролцоогүй болно. Жи тайм корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал Марат Маженов нь шалгалт явуулах тухай мэдэгдэл хүлээж аваагүй боловч Монголын цагдаагаар шалгуулахад бидэнд татгалзах зүйлгүй болно. Шалгалтаар бидний үнэн зөв үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно гэж итгэж байна. Цаашид бид Монголд үйл ажиллагаагаа явуулж тус улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой байна” гэжээ.
"G-Time" корпорацийн Ерөнхий Захирал Ж.М.Жумагулова нь тус компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн нэгэн бөгөөд өдгөө дэлхийн 78 оронд салбараа нээн ажиллуулж байгаа ажээ.
Д.ЦЭЭНЭ