Фристайлын дуал могул төрөлд анх удаа өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2017.02.25-нд нийтлэгдсэн

Фристайлын дуал могул төрөлд анх удаа өрсөлдлөө

Өнөөдөр манай өвлийн спортын түүхэнд бичигдэхүйц үйл явдал болсон нь фристайл төрлийн дуал могул дасгалд манай тамирчид түүхэндээ анх удаа оролцсон нь байлаа. Энэ төрөлд манай тамирчин Б.Орхонтамир болон Р.Түвшинбаяр нар хүч сорьсон юм.

Энэ жил 20 настай манай тамирчин Б.Орхонтамир өөрийн дасгалаа 43,13 секундэд гүйцэтгэн барианд орж 16-р байрт орсон. Ингэснээр тэрээр шигшээ уралдаанд буюу хасагдах журмаар явагддаг уралдаанд оролцох боломжтой болсон юм. Тэрээр шилдэг 16-д урьдчилсан шатыг тэргүүлж, улмаар хүрэл медаль хүртсэн Казахстаны Д.Рэйкэрдтэй өрсөлдсөн ч бариандаа орж чадсангүй ялагдал хүлээжээ. Харин Р.Түвшинбаяр 54,65 секундын амжилтаар 17-р байрт бичигджээ.

Энэ дасгалд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид БНХАУ-ын тамирчныг ардаа орхисон байна. Алт, мөнгөн медалийг Япончууд хүртжээ.

БИАТЛОНЧИД ХӨӨХ УРАЛДААНД ОРОЛЦЛОО

Өчигдөр эхэлсэн биатлоны төрлийн 2 дахь дасгал буюу хөөх уралдаан өнөөдөр явагдлаа. Спринт уралдаанд барианд орсон цагийнхаа дагуу гараанаас гарч, улмаар ар араасаа хөөх журмаар явагддаг энэхүү уралдааны эрэгтэйчүүдийн 12,5 км-ийн төрөлд манай улсын 3 тамирчин өрсөлдсөн юм. Нээлтийн ёслолын тугч Э.Бархүү спринт дасгалд үзүүлсэн байраа хадгалан 16-р байрт орсон бол Э.Мөнх-Эрдэнэ 2 байр урагшилж 17-р байрт, Б.Бат-Эрдэнэ нэг байр ахиулан 21-р байрт оржээ. Энэ дасгалд ердөө 3 буудалтаа алдсан Японы тамирчин М.Тачизаки спринтийн аварга Казахстаны тамирчны өмнө орж шуугиан дэгдээлээ.

Эмэгтэйчүүдийн 10 км-ийн хөөх уралдаанд О.Уранбайгаль өөрийн байрыг 2-оор ахиулан 17-р байрт орсон бол Э.Ариунзул 18-р байрт бичигджээ. Монголын тамирчид Австрали, БНХАУ, Киргизстаны тамирчдыг ардаа орхисон байна. Энэ дасгалд Казахстаны тамирчид алт, хүрэл медаль хүртэж, БНХАУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.

ЦАНЫН ТАМИРЧИД САППОРОД ИРЛЭЭ

Өнөөдөр Саппоро хотноо байрлаж буй шигшээ багийн штаб хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үүний учир нь Финляндын Лахти хотноо болж буй гүйлтийн цанын ДАШТ болон бусад Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байсан Монгол улсын цанын шигшээ багийн зарим тамирчид хүрэлцэн ирсэн нь юм.

Нийт 6 тамирчин, 3 дасгалжуулагч болон албаны хүмүүс бүхий баг Саппород хүрэлцэн ирлээ. Тэдний хувьд тэмцээний сүүлчийн өдөр уралдаанаа хийх юм.

Сонирхуулахад, өчигдөрхөн Лахтид болсон цанын ДАШТ-ий Б зэрэглэлээс хүрэл медаль хүртэж, өвлийн спортын түүхэнд тодоор бичигдэх амжилт үзүүлсэн ОУХМ Б.Ачбадрах эдгээр тамирчдын дунд байгаа билээ. 

ХОККЕЙЧИД МЕДАЛИЙН ТӨЛӨӨ

Монголын хоккейн шигшээ баг өнөөдөр өвлийн наадмын сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Тэдний өрсөлдөгч нь Тайваний шигшээ баг. Челленж цомын тэмцээний гурван удаагийн аварга Тайваний шигшээ баг хүснэгтийн жагсаалтын хоёрдугаар байрт гурван хожил авч бичигдэж байгаа. Харин манай баг одоогоор 4-р байрт хоёр хожил, хоёр хожигдолтой жагсаж байгаа билээ.

Монголын баг энэ тоглолтонд заавал хожих даалгавартай талбайд гарна. Монголын баг энэ тоглолтонд хожиж, нөгөө талд Хонгконгийн баг АНЭ-г ялсан тохиолдолд манай талд нөхцөл байдал ашигтай эргэж, медаль хүртэх нөхцөл байдал үүсэх юм.5-р байрт яваа Хонгконгийн багт ч медаль хүртэх найдвар хадгалагдаж байгаа учир өнөөдрийн тулаанууд өрсөлдөөнтэй өрнөх нь гарцаагүй. Өмнө нь манай баг Тайваньд хоёр удаа хожигдож байсан ажээ.

Хүснэгтийг манай багийг хамгийн эхэнд 5:4-өөр ялсан Тайландын баг тэргүүлж байгаа. Тайландчууд өнөөдөр хэсгийн сүүл мушгигч Сингапуртай тоглох юм.

Монгол-Тайваний шигшээ багуудын тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 11:00 цагт эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж