Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц энэ сарын 20-нд сүсэгтэн олонтойгоо “Монгол ёс заншил-үүрэг хариуцлага” сэдвээр лекц уншсан. Энэхүү мэдээллийг дахин хүргэж байна. Сар шинээр монголчууд юуг эрхэмлэж, юуг цээрлэх, амьдралдаа мөн юуг мөрдөж явах ёстойг энэ үеэр айлдсан юм.
Цагаан сар бол монгол түмний уламжлалт сайхан баяр. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. Сар шинийн өдөр бие, хэл, сэтгэл гурав ариун байх учиртай.
Бие ариун байх. Жилийн сүүлийн өдөр болох 29-нд гэр орноо цэвэрлэж, хир буртгаа арилгах нь шинэ ондоо хир буртаггүй, бие цэвэр орохын билгэдэл байдаг.
Сэтгэлийн хиргүй байх. Хэрүүл тэмцэлгүй, сэтгэлд үлдсэн муу муухайгаа цагаатгах, эв нэгдлийн билгэдэл.
Хэл ариун байх. Үг хэл уран яруу, амар мэнд айлтгаж, амнаас гарах сонсголонтой үг чихээр дамжин хүний сэтгэлийг тайтгаруулж, баясгаж байх учиртай. Ингэж бие хэл сэтгэлээ ариун байлгадаг.
Цагаан сараар хүний таван мэдрэхүйг баясгах учиртай.
Гэр орон цэвэр цэмцгэр, тоос шороогүй байх нь нүдэнд тааламжтай байж, дүрсээр нүдийг баясгана.
Цагаан сараар хэлэлцэх сонсголонтой үг чихээр дамжин зүрх сэтгэлд очиж бүлээрүүлдэг.
Амттай сайхан идээ будаагаар ирсэн зочныг дайлах нь аманд амт өргөж буй хэрэг.
Баярын өдрүүдэд арц, хүж, тансаг үнэртэн гэртээ үнэртүүлэх нь хамарт нь үнэр өргөж буй хэрэг.
Хөөрөг зөрүүлэх, хадаг барин золгох нь хүртэхүйн өргөл юм.
Ингэж бид гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлж, ирсэн зочдыг сайхан тайвшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлж, гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал үүсгэдэг баяр юм.
Дээрх бүгдийг зөвхөн цагаан сараар биш амьдралдаа үргэлж мөрдөж байвал зохистой.