Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд айл хотлоороо золгон мэндлэхдээ хөөрөг зөрүүлэн, хүндэтгэлээ илэрхийлдэг ёсон бий. Тийм тул цагаан сарын өдрүүдэд хөөрөг зөрүүлэх ёс болон хөөрөгний үнэ цэнэ, утга учир, билэг дэмбэрэлийн тухай сонирхолтой мэдээлэл бүхий дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
— ХӨӨРӨГНИЙ ХЭЛБЭР МОНГОЛООС ГАРАЛТАЙ —
Мана, хаш, гартаам, чүнчигноров, оюу, пийсүү зэрэг байгалийн үнэт чулуун хөөргийг монголчууд нийтлэг хэрэглэсээр ирсэн. Хөөрөг хаана, хэдийд үүссэн нь өнөөг хүртэл нарийн тодорхой мэдээлэлгүй байдаг бөгөөд Манжийн дарангуйллын үед Хятадын худалдааны пүүсийн наймаачдаар дамжин монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн гэж зарим эрдэмтэн, судлаачид үздэг.
Харин Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач Г.Гонгоржав монгол хөөрөгний гарал үүслийг 200, 300 гаруйхан жилийн түүхээр хязгаарлахгүй талаар ярилаа.
Тэрбээр “Зарим судлаач монголчуудын хөөрөгний соёлыг Манжийн үе буюу одоогоос 200-300 жилийн түүхтэй юм шиг ярьдаг. Миний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг юм. Монголчуудын хөөрөгний хэрэглээ Киданы үе буюу одоогоос 1100 жилийн өмнө байсан гэдгийг батлах түүхэн олдворууд ч байдаг. Өвөрмонгол болон баруун монголчууд хөөргийг “хөхүүр” хэмээн нэрлэдэг. Орчин цагт ч баруун Монголын ард түмэн хөөргийг “хөхүүр” хэмээн нэрлэсэн нь хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнээс үүдэн монголчууд дашмаг, хөхүүр зэргийг дуурайлган хөөргийг анх бүтээсэн түүхтэй. Киданы үеийн булшнаас шаазангаар урласан хөөрөг олдож байсан. Ер нь хөөрөгний хэлбэр, хийц монголоос гаралтай. Харин хожмоо хятадууд хөөргийг чулуугаар хийсэн” хэмээн тайлбарлав.
— ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЁСОН —
Хөөрөгний гуравны нэг орчимд тамхи хийх ёстой. Ингэснээр тухайн хөөрөгний доторх хэлбэр, хийцийг харах боломжтой болдог гэж үздэг. Мөн хүндтэй хүнийхээ мэндийг мэдэхдээ хөөрөгний толгойг бага зэрэг султган, нар зөв эргүүлж, өөрөө эхэлж үнэрлээд гардуулдаг. Ингэж хөөрөг солилцох нь харилцан бие биеэ хүндэтгэх, нөхөрсөг харилцааны бэлгэдэл болдог. Хөөрөг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.
Хуучин цагт хөөрөгний нуухан дээр байрлах ноён сэврээ /хаж/ хошуу ноёны хөөрөг гэдгийг илэрхийлдэг байж. Ноён хүнийг хөөрөгний сэрвээгээр нь таньдаг байсан гэсэн үг юм.
Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг гэх эртний яриа байдаг билээ.
— ХӨӨРГИЙГ ХАГАС ҮНЭТ ЧУЛУУГААР УРЛАДАГ —
Хөөргийг мана, хаш, оюу, шүр зэрэг хагас үнэт чулуугаар урладаг. Тэр дундаа хаш чулууг маш өндөр энергитэй, бат бөх чулуу гэж үздэг байна. Тиймээс ч хаш чулуун хөөрөг хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болдог гэдэг. Мөн хаш чулууг гэмтсэн яс бороолоход нөлөөлдөг, догшин авирыг номхотгох чадалтай, айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэддэг ажээ.
Хөөрөг нь ёроол, мөр, эх бие, толгой, нуух, хавчуурга, халбага гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд хөөргийг торгон дээр зүү ороох, загасан нуруу хатгамлаар урласан дайлан, хавтага уутанд хийж хадгална.
“Орчин цагийн монгол хөөрөг чанарын хувьд хуучны хөөргөө гүйцэхгүй байна. Хуучны монгол хөөрөгнүүд чулууны нягтрал сайтай байсан. Чулуугаа газрынхаа гүнээс авдаг байсан болохоор нэгэн насны хэрэглээ болдог байлаа. Одоо бол гадаадын орнуудаас янз бүрийн чулуу оруулж ирж, чанаргүй, хэврэг хөөрөг хийх болжээ. Надад Говь-Алтай аймгаас гаралтай, XVIII зууны үеийн, их гарын, найман бадтай, халтар манан хөөрөг бий. Энэ хөөргөө би 75 сая төгрөгөөр худалдана” хэмээн эртний эдлэлийн цуглуулагч Х.Магнууз гуай хэлж байлаа.
….Хөөрөг нь урлаг, соёл, зан заншил, өв уламжлал, үнэт эдлэл, андлахуйн зууч зэрэг олон ойлголтын огтлолцол дээр оршин байдаг эрхэмсэг сайхан, энгүй тансаг ертөнц юм. Дэлхий дахинаа нэлээд түгээмэл манж, хятад, түвд, монгол гэсэн үндсэн дөрвөн хийцээс чулууны сонголт ур донж, ерөнхий зохилдлого янз байдлаараа монгол хөөрөг хол тасархай харагддаг. Монголчууд хөөрөгнийхөө шүрэн толгойг аль болох улаан хүрэн одтой байлгахыг хүсдэг нь энэ чиглэлээрх дэлхий дахины үнэлгээтэй дүйцэж байдаг талаар Р.Самдандорж, Т.Төгөлдөр нарын бичсэн “Эрдэнийн чулуун жуух” номноо тэмдэглэжээ.
— ХӨӨРӨГНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА —
Энэ өдрүүдэд сар шинийн баярыг угтсан “Тахиа жилийн гоёл-2017” үзэсгэлэн худалдаа "Туул" рестораны хойно байрлах “Арт хаус” галерейд зургаа дахь жилдээ болж буй ажээ.
Хүмүүс өөрт ээлтэй чулуу болон нутгийнхаа чулуун хөөргийг ихэд сонирхон авч байгаа талаар эртний эдлэл цуглуулагчид ярьж байв. Үзэсгэлэнд “хуучны” гэх тодотголтой, цагаан хаш, халтар манан, шүрэн, оюу хөөргийг дэлгэсэн байх бөгөөд хэн хүний нүдийг хужирлана. Үнийн хувьд нэг сая төгрөгөөс 200-300 сая төгрөгөөр худалдаж байлаа.
Урт цагааны замын урд талд байрлах “Хөөрөг” хэмээх төрөлжсөн дэлгүүр бий. Энд өнгө өнгийн, чамин хийцтэй хөөрөгнүүдийг 800 мянгаас 40 сая төгрөгийн үнэтэй худалдаж байв. “Сар шинийн баяр дөхсөн болохоор хүмүүсийн хөөрөг сонирхох нь нэмэгдэж байна. Манай компани Оросоос хаш, Япон, Тайваниас шүрэн чулуу оруулж ирж, өөрсдөө хөөргөө хийдэг. Тийм учраас үнийн хувьд илүү бодит хямдралтайгаар борлуулж байгаа” хэмээн тус дэлгүүрийн менежер Д.Дамдиндорж танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ч гэсэн хатан хөөрөг эдэлж, хэрэглэх нь ихэсч байгаа гэнэ. “Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин” гэдэг шиг эмэгтэй хүний гарт тохирсон, эвлэг, чамин хийцийн жижиг хөөрөг эрэлт ихтэй байгаа ажээ.
— МАНАН ХӨӨРӨГ ХАМГИЙН ОЛОН ЦОЛТОЙ —
Хөөрөг урлах явцад чулууны сонголт, зүсэлт хийхэд их цаг хугацааг зарцуулдаг гэнэ. Байгалийн чулуу гаднаа хальстай байдаг учир зүсэлт хийнэ. Заримдаа том чулууг зүссэн ч хагарал үүссээр байгаад нэг ч хөөрөг хийх боломжгүй болох тохиолдол гардаг бол жижигхэн чулуунаас тун чамин хөөрөг гарах нь бий ажээ. Үүний дараагаар хэлбэр хэмжээ, хээ угалзаасаа хамаарч харилцан адилгүй хугацаанд урлаж, эзэндээ очдог аж.
“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг үг бий. Тиймээс ч хөөрөгний үнэ цэнэ толгойндоо байдаг. Сүүлийн үед хүмүүс хөөргийг цоллодог болсон байна. Мана чулуун хөөрөг Даян халтар, Монгол халтар, Төгс халтар зэргээр байгалийн тогтцоор нь цоллодог болжээ.
ХӨӨРӨГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
- Цэвэр чулуун хөөрөг эсэхийг сайтар харж, сорьцыг нь шалгуулах
- Худалдан авч буй дэлгүүрээс батламж, паспорттай хөөрөг авах
- Чулуугаа сэв, доргиотой эсэхийг гэрэлд шалгах
- Хөөрөгний хийцийг анзаарах
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД, Н.БАТМӨНХ