Замын цагдаагийн газраас нийслэлийн автомашины ачаалал ихтэй үед дугаарын хязгаарлалт хийдэг байсан бол өнөөдөр, маргааш хоёр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Мөн сар шинийн 1,2,3-ны баярын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалт бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй.
Эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төв болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, зохиомол түгжрэл саатал ихээр бий болгож, бухимдах асуудал гардаг.
Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм гэдгийг албаныхан хэлж байна.
Ш.ОЧ