Хор цацсан хоёр эмэгтэйг яллана

Хуучирсан мэдээ: 2017.02.28-нд нийтлэгдсэн

Хор цацсан хоёр эмэгтэйг яллана

Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт холбогдсон Доан Ти Хуон, Сити Аисия нар өөрсдийгөө телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон гэж мэдүүлжээ.Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хордуулж хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан хоёр эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэж, ялын дүгнэлт үйлдэх тухай Малайзын прокурорын газраас мэдэгдлээ.

Тус улсын ерөнхий прокурор Мохамед Апанди Алигийн хэлснээр Индонез болон Малайзын иргэншилтэй хоёр эмэгтэйд эрүү үүсгэсэн, хэрэв гэм буруутай нь тогтоогдвол цаазын ялаар шийтгэх гэнэ.

Малайзын нисэх буудалд хоёрдугаар сарын 13-нд Ким Жун-намын нүүр рүү санаатайгаар химийн хорт бодис цацсан хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм. Харин тэд өөрсдийгөө хэн нэгний нүүр рүү хүүхдийн биеийн тос цацаж, бусдыг шоглодог телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Үүнийхээ төлөө 90 ам.доллар авсан гэсэн байна.

“Тэднийг Эрүүгийн хуулийн 302 дугаар зүйл заалтын дагуу яллана” гэж Малайзын ерөнхий прокурор мэдэгдсэн байна. Тэгэхээр хэрэв гэм буруутай нь тогтоогдвол цаазын ялаар шийтгүүлэх заалттай ажээ.

Вьетнамын иргэн, 28 настай Дона Ти Хуон болон Индонезийн иргэн, 25 настай Сити Аисия нараас гадна өөр бусад найман хүн, нийт 10 хүн энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Малайзын албаны хүмүүс таамаглаж байна. Тэдний дунд Куала Лумпур дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны томоохон албан тушаалтан, мөн төрийн өмчит агаарын тээврийн компанийн ажилтан багтаж байгаа юм. Харин Өмнөд Солонгосын зүгээс сэжигтнүүдийн дөрөв нь Хойд Солонгосын тагнуулууд гэж мэдэгдээд байна.

Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-нам сүүлийн хэдэн жилийн турш эх орондоо очоогүй гэгддэг.        

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж