Улаанбаатар-Вашингтоныг дамжин зургаан сарын турш үргэлжилсэн ОУВС-тай хийх хэлэлцээр Цагаан сарын өмнө ерөнхийдөө нэг тийшээ шийдэгдсэн. Энэ хугацаанд тус сангийн төлөөлөгчид гурван удаа Монголд ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-19-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллах үеэр Монголын Засгийн газартай санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой эдийн засгийн багц арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн юм. Гэхдээ яригдаж байсан “Стэнд бай” хөтөлбөрт биш илүү хүнд нөхцөлтэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Засгийн газар хүссэн ч, эс хүссэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн юм.
Сангаас тавьсан шаардлага, өгч байгаа зөвлөмжөөс харахад ирэх гурван жилд монголчууд бүсээ чангалахад хүрэхээр байгаа юм. Төсвийн сахилга батыг хангах, эдийн засгийн зогсонги байдлаас гарах, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөц бага, өнгөрсөн болоод одоогийн хямралд цэг тавих боломж нь энэ хөтөлбөр юм. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан ч тодорхой хугацааны дараа цуцлах боломж үүсч болзошгүй гэдгийг зарим эдийн засагч хэлж буй.
Богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл тулгарсан тохиолдолд ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийг олгодог. Эдийн засгийн бүтцийн гажуудлаас үүдэн төлбөрийн тэнцлийн хүнд асуудалтай тулгарсан, эдийн засгийн өсөлт удааширсан, төлбөрийн тэнцлийн хүндрэл архаг болсон тохиолдолд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагддаг. Нэгэнт эдийн засаг хүндэрсэн, яаралтай эмчилгээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн үед ОУВС-гийн хөтөлбөр Монголын эдийн засагт тохирсон эмчилгээ болно гэдгийг эдийн засагчид хэлжээ.
УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана. Урьдчилсан байдлаар гуравдугаар сарын 6-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах сураг гарч байгаа. Ээлжит бус чуулганаар хэвтэрт орсон эдийн засгаа эмчилж, сэргээх ажил эхэлнэ. Хэдий өвдөлт нь хүн болгонд мэдрэгдэх ч үүнээс илүү сонголт Монголд үлдээгүй нь үнэн.
ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨЕ
Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай Монгол Улс том төслүүдээ хөдөлгөх тухай мөрөөдсөөр олон жилийг үдэж байна. Лавтайяа, таваас илүү жил яригдаж байгаа Гацуурт, Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөхөө Засгийн газар амлаж буй ч үүнд итгэхэд бэрх. Учир нь, том төслүүдийн чимээ сонсогдох бүрт эрх ашиг нь хөндөгдсөн улстөрчид хятад танк, булш, бунхны үлгэрээр тархи угаах нь ихсээд ирдэг. Гэвч, бид алийн болгон алтан дээр суусан гуйлгачин царайлах ёстой вэ. Гацуурт, Тавантолгой, Эгийн гол зэрэг эдийн засагт өгөөжөө өгөх том төслүүдээ хөдөлгөж байж монголчууд ОУВС-гийн хүнд болзолт хөтөлбөрөөс хурдан хугацаанд гарч чадна.
2017 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОНО
ОУВС-гийн тавьсан шаардлагын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байгаа. Тиймээс Сангийн яамны 2017 төсвийн тодотголын төслийг хэлэлцүүлж, гуравдугаар сарын 6-нд хуралдаж магадгүй гэх ээлжит бус чуулганы хуралдаанаар батлахаар яригдаж буй.
Чухамдаа Сангийн яам 2017 оны төсвийн тодотголдоо алдагдлаа бууруулж, данхайсан бүтцээ танах, нэмж байгаа татваруудаа уян хатан нөхцөлтэй оруулж ирж чадвал төсөвт тодотгол хийсний үр дүн гарна. Тиймдээ ч ОУВС-гаас сахилга баттай төсөв батлуулах “үүрэг” Сангийн яаманд өгсөн.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд 2017 онд хасах үзүүлэлттэй эдийн засгийг 1,8 хувь болох, 2019 онд 8,1 хувьд хүргэнэ гэсэн тооцоолол байгаа. Түүнээс гадна хэдхэн сарын дотор хаданд гарсан валютын нөөц 2017 онд 1,6 тэрбум, 2018 онд 2,7 тэрбум, 2019 онд 3,5 тэрбум, 2020 онд 3,8 тэрбум хүргэх зорилт ч бий.
Эцсийн дүндээ бид эдийн засгаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ хөдөлгөх, төсвийн сахилга баттай болох гэсэн зорилгыг хатуу ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрийн тусламжтайгаар хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн.
УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана. Урьдчилсан байдлаар гуравдугаар сарын 6-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах сураг гарч байгаа. Ээлжит бус чуулганаар хэвтэрт орсон эдийн засгаа эмчилж, сэргээх ажил эхэлнэ. Хэдий өвдөлт нь хүн болгонд мэдрэгдэх ч үүнээс илүү сонголт Монголд үлдээгүй нь үнэн.
Ш.ЧИМЭГ