20 настай Chris Staniforth хэмээх залуу олон цагаар xbox тоглосноос болж, амиа алджээ. Түүний үхлийн шалтгааныг эмч нар “Олон цагаар ямар ч хөдөлгөөнгүйгээр нэг суурин дээр сууснаас болж, цусны бөөгнөрөл үүссэн. Энэ нь үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлажээ.
Нас барсан залуу видео тоглоомын дизайны чиглэлээр их сургуульд суралцаж байсан ба ихэнхдээ 12 цаг тасралтгүй тоглодог байсан гэнэ. Түүний эцэг эх хүүгийнхээ үхлийн дараа олон эцэг эхчүүдэд сургамж болгох үүднээс тоглоомын аюулын тухай богино хэмжээний зар сурталчилгаа хийхээр болоод байгаа гэнэ.
Тэд уг сурталчилгаандаа “Тоглоом тоглох зугаатай. Гэхдээ та онлайн тоглоом тоглоод эхэлбэл болих тун хэцүү байх болно. Таны хүүхэд тоглоом тоглон удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд нь маш хортой. Тоглоомонд зарцуулж буй цаг хугацаа таны хүүхдийг үхэл рүү түлхэж буйг бүү март” хэмээн сануулсан гэнэ.
Мөн 2005 онд Өмнөд Солонгост нэгэн тоглоомчин гурван өдөр тасралтгүй тоглосноор нас барж байсан харамсалтай явдал болж байжээ.