Хуучирсан мэдээ: 2017.03.02-нд нийтлэгдсэн

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ оны нэгдүгээр сарын 25-нд эрх мэдлээ дахин хуваарилах болон улс төрийн тогтолцоог ардчилсан болгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Товчхондоо бол ерөнхийлөгчийн одоогийн эрх мэдлийн тодорхой хэсгийг Засгийн газар болон парламентад шилжүүлнэ. Үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрыг томилох ба огцруулах, парламентыг тараах, өөрийн саналаар бүх ард түмний санал хураалт явуулах, хот, мужийн захирагчийг томилох гээд хязгааргүй өргөн эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг үнэн хэрэгтээ дэлхий нийтэд өөрийгөө “ардчилсан” болгож харагдуулах гэсэн ээлжит нэгэн явуургүй алхам гэж шүүмжлэгчид дүгнэж байна.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев

ЗХУ задрах унахын өмнөхөн буюу 1989 оноос Казахстаны тэргүүнээр ажиллаж буй Назарбаев сүүлд 2015 онд болсон сонгуулиар дахин таван жил тус улсыг удирдахаар сонгогдсон юм. Дарангуйлагч биш гэдгээ харуулах гэж хэлбэр төдий сонгууль явуулдаг гэх Назарбаевын залгамжлагч нь түүний үр хойч байх болно гэгддэг.

Эрх мэдлийг үе дамжин өв залгамжлуулах тухай асуудал өнгөрсөн хэдэн арван жилийн турш Казахстаны гол сэдвийн нэг байлаа. Өдгөө 77 настай Назарбаевын гарт улс орныг удирдан залах бүхий л эрх мэдэл атгаастай байна. Түүний гэр бүлийнхэн үүнд голлох рольтой оролцоно.

Өнгөрсөн олон жилийн турш газрын тосны үнэ өндөр байсны хүчинд Назарбаев төрийн удирдлагыг зөвхөн өөрийг нь дэмжигч, басхүү гэр бүлийнхэндээ хуваарилах нь хялбар байсан юм. Гэвч төв Азийн эрчим хүчний гол нийлүүлэгч Казахстаны эдийн засгийн өсөлт удааширсан нь бялуу хуваах байдлаар төрийн удирдлагыг аргацааж ирсэн Назарбаевын эсрэг элит түвшинд, мөн түүний гэр бүлийн хүрээнд ч шүүмжлэл дагуулах болжээ.

Назарбаев өөрөө залгамжлагчаараа үр хүүхдүүдээ сонгохгүй гэж ярьдаг. 2016 оны сүүлчээр Bloomberg-т өгсөн ярилцлагадаа тэр “Эрх мэдлийн шилжилтийг Үндсэн хуульд заасан байдаг” гэж нийслэл Астана дахь ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэж байв. “Би 2020 он хүртэл ажиллах болно. Харин 2020 онд бид дахиад уулзах болно” гэж тэр хэлжээ.

1989 оноос хойш улсаа удирдсан малчны хүү эрүүл мэндийн байдал, мөн олон нийтийн дэмжлэгийг харгалзан үзэж, 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэхээ шийднэ гэсэн байв.

Назарбаевын том охин Дарига Назарбаева

Бага охины хамт

Назарбаевын том охин Дарига Назарбаева Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын Сенатын хорооны даргаар томилогдсоны дараа Казахстаныг удирдах төрийн эрх мэдэл эцгийн гараас охинд нь шилжих тухай яриа газар авсан юм. Үүнээс өмнө Дарига өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байв. Дарига өөрөө үүнийг үгүйсгэдэг. "Би өөрийгөө эх орныхоо төлөө чин үнэнч сэтгэлээр зүтгэж байгаа жирийн нэгэн, бидний ерөнхийлөгчийн багийн нэгэн гишүүн гэж боддог. Энэ бүх яриа ердөө таамаг төдий зүйл” гэж Назарбаева хэлсэн тухай "Коммерсант" мэдээлж байв.

Нэгэн цагт Казахстанаас Австрид суух Элчин сайдаар ажиллаж байсан Назарбаевын хүргэн Рахат Алиев “Загалмайлсан хадам эцэг” гэх ном гаргаж, түүндээ Казахстаны төрийн тэргүүний талаар бичсэн байдаг. Даригагийн экс-нөхөр тэрбээр номондоо хадам эцэг нь онгоцны үйлчлэгч, мөн модель бүсгүйчүүдтэй амрагийн явдал үүсгэж, хүүхэдтэй болсон, асар үнэтэй 5000 гаруй бугуйн цагны цуглуулгатай, АНУ-ын компаниудаас авлига авч, газрын тосны концессийн гэрээ байгуулсан зэргийг дурдсан байв.

Тэдгээрийг нотлох баримт байхгүй ч “Transparency International” байгууллагаас Казахстаныг авлигын индексээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд яваа гэж дүгнэсэн нь бий.

Орчин цагийн төв Азийн олон лидерийн адилаар Назарбаев Зөвлөлтийн үеийн “бүтээгдэхүүн”.

1984 онд тэр Казахстаны Сайд нарын зөвлөлийн даргаар томилогдож, улмаар 1989-1991 онд тус улсын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллажээ. ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв 1990 оны дөрөвдүгээр сард түүнийг Казахстаны төрийн тэргүүнээр томилов. Ингээд 1991 оны арванхоёрдугаар сард Нурсултан Назарбаев өрсөлдөгчгүй сонгуульд 91,5 хувийн ялалт байгуулснаар Казахстаны түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч болсон юм.

Гэхдээ Назарбаевын нэр дээр данслагдсан олон сайхан түүх, эдийн засгийн амжилт ололт Казахстаны түүхэнд бий. Ердөө аравхан жилийн дотор ДНБ-ий хэмжээ 700 ам.доллараас 8000 хүртэл өссөн, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орныг бодвол дайн тулаан, эх захгүй тэмцлээс ангид байсан гээд нэлээдийг тоочиж болно.

Мөн түүний удирдлага дор эдийн засаг нь нэгэн үед тэнгэрт цойлж байв. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсах Казахстан улс газрын тос, байгалийн хий, мөн алт, мангани, нүүрсний асар их нөөцтэй. Ураны үйлдвэрлэлээр дэлхийд есөд бичигдэж байна.

Нурсултан Назарбаевын бүтээн байгуулсан Казахстан хэмээх их айлаас түүний гэр бүлийнхэн хангалтай хишиг хүртэж яваа гэгддэг.

Түүний том охин Дарига Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын Сенатын хорооны даргаар ажилладаг, хэд хэдэн банкны томоохон хувьцаа эзэмшигч, “Хабар” телевизийн эзэмшигч.

Даригагийн хүү Айсултан Назарбаев ердөө хоёрхон хоногийн өмнө Казахстаны хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Удаахь охин Динара нь бизнес эрхэлдэг. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 1,1 тэрбум ам.доллараар үнэлсэн.

Харин бага охин Алия нь хуульч. Казахстаны үл хөдлөх хөрөнгийн фирмийн удирдах зөвлөлийг тэргүүлдэг. Алматы хотод томоохон шөнийн клуб эзэмшдэг, бас өөрийн гэсэн бие эрүүлжүүлэх, галбиржуулах төвтэй.

Нурсултан Назарбаев болон түүний гурван охины хөрөнгийг 7 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж Оросын “New Times” сэтгүүл мэдээлжээ.


НУРСУЛТАН НАЗАРБАЕВ

Төрсөн он, сар, өдөр: 1940.07.06

Төрсөн газар: Орос

Ерөнхийлөгчөөр сонгогдсон: 1991.12.16

Нэрд гарахын өмнө: Идэр залуу насандаа тэр гангийн үйлдвэрт ажиллаж байв. 1960-аад оны эхээр Коммунист намын идэвхтэн гишүүн болжээ.

Гэр бүл: Эдийн засгийн эксперт Саратай гэрлэж, гурван охинтой болсон. Дарига, Динара, Алия нар нь бүгд улс төрийн болон бизнесийн салбарт амжилттай яваа.


ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

Нурсултан 5 кг жинтэй төрсөн
Эмэг эх нь түүнд Коран судрын хоёр нэрийг нийлүүлж Нурсултан гэх нэр хайрласан
Бага байхдаа тэр нисгэгч болохыг мөрөөддөг байсан
Багадаа орос хэлний ангид гурван жил суралцсан
Аман хуур худалдаж авах мөнгө цуглуулахын тулд тэр зуны амралтаараа хөршийнхөө байшин барих ажилд нь тоосго өрж тусалж байжээ
Дунд боловсролын гэрчилгээ нь ердөө ганцхан хичээл дээр “В” үнэлгээтэй
Дунд сургуулиа төгсөөд тэр химич болохоор төлөвлөж байсан
Чөлөөт бөхөөр барилддаг байсан

 

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж