Сар шинийн баярын ширээ тань хорхой хүргэсэн таван тансаг идээгээр бялхаж байна уу. Айл болгоны бэлтгэсэн амттан зоогийг хүртэхгүй бол гэрийн эзэд гомдоно гэсэн бичигдээгүй хууль ч бий. Тиймээс сар шинийн өдрүүдэд багадаа хоёр кг, дээшлээд 3-4 кг жин нэмдэг гэм бий.
Та цагаан сарын зоог, бууз баншны илчлэгийг тооцож мэдэх үү. Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор дунд зэргийн бууз ойролцоогоор 200 ккал (килокалори), нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал агуулдаг байна. Монголчууд золголт хийж явахдаа дор хаяж таван айлаар орж, айл болгонд гурван бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө 4325 ккалорийг хоол хүнсээр авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг, дундаж насны эрэгтэй хүний хоногт авах илчлэгийн хэмжээ дунджаар 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Тэгэхээр жишээ болгон тооцсон дээрхи илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их гарч байна. Баярын үеэр уг тооцооллоос ч олон айлд орж, төдий чинээ олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс дээрх тооцооллоос ч их илчлэгийг хуримтлуулна гэсэн үг.
Хүний хэрэгцээт илчлэгийг тооцохдоо нас, хүйс, биеийн өндөр, жинд нь тохируулан гаргадаг.
Зөв зохистой хооллох, эрүүл мэндээ анхаарахад тань дараах зөвлөмжийг хүргэж байна.