Сар шинийн баярын дараагаар тухайн жилийнхээ заслыг хийлгэхээр ойролцоох сүм хийдэд очиж, ном уншуулан, зурхайч лам нартай уулздаг уламжлалтай. Засал ном хийлгэхдээ заавал шинийн 15-нд хийлгэх албагүй. Харин 15-ны дотор хийлгэвэл буян илүү хураадаг гэж зарим хийдийн лам нар тайлбарлалаа.
ТАРВАЛИН ХИЙД
Жодын Их багш Х.Лувсанбанзарын нэрэмжит улааны ёсны Тарвалин хийдэд өнөөдөр багагүй хөл хөдөлгөөнтэй байв.
Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах энэ хийд Улаанбаатар хотыг хардаг гурван толгойн нэгд буюу Маахуур толгойд байрладаг. Хийдийн суурин дээр их жанжин Д.Сүхбаатар, VIII Богд Живзундамба нар салхилдаг байсан бөгөөд 2007 оны аравдугаар сарын 29-нд уг толгой дээр анх Тарвалин хийдийн шавыг тавьж байсан түүхтэй ажээ.
Тарвалин хийдийн Гэсгүй лам Ч.Гантулга “Улааны ёсонд ямар нэг өөр байдлаар засал хийх, ном хурах гэсэн зүйл байхгүй. Өндөр гэгээн Занабазарын гаргаж өгсөн жаягийн дагуу бусад сүм хийдтэй адил засал хийж ном хурдаг. Харин шинийн 15-наас хойш улааны ёсны зарим нэг хатуу заслын номнуудыг уншиж эхэлнэ” гэлээ.
Тус хийдэд 3-5 ам бүлтэй өрхийн заслыг хийхэд дунджаар 15-25 мянган төгрөг болдог байна.
Энэ талаар засал хийлгэхээр ирсэн Баянзүрх дүүргийн иргэн Б.Ганзул “Тарвалин хийдэд ирдэг болоод 2-3 жил болж байна. Бүх заслаа энд хийлгэдэг. Үнэ нь ч гайгүй. Лам багш нар хүмүүсийн даллагыг нэг дор нь аваад ном, заслаа ч хурдан шуурхай хийчихдэг юм. Зарим хийд яах нь мэдэгддэггүй. Энд бол санаа амар, түргэн шуурхай байдаг” гэсэн юм.
Хийдийн эргэн тойрныг ажиглан явахад бидний сайн мэдэх “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Д.Баттөмөр тус хийд рүү орж явахтай тааран цөөн үг солилоо.
Тэрбээр “Манай аав, ээж олон жилийн өмнөөс буюу Тарвалин хийдийг Баянхошуунд байхаас нь мөргөж, сүсэглэдэг байсан. Манай гэр бүлийнхэн бүх сайн сайхан, саад бэрхшээл бүхнээ хийдэд даатгаж, Ариунболд багштай багш шавийн барилдлагатай байдаг. Дотоод үйл ажиллагаа маш сайн, зохион байгуулалттай, сайхан буяны газар байгаа юм. Ариунболд багшийн шавь болсноос хойш миний амьдралд эргэлт ирсэн гэж дандаа бодож сүсэглэж явдаг. Энэ дашрамд Тарвалин хийдийн лам хуваргууддаа сар шинийн мэнд хүргэе” гэлээ.
МАНБА ДАЦАН ХИЙД
1990 оны цагаан морин жил хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийг дахин сэргээн байгуулж байжээ.
Өдгөө хажуудаа Оточ манрамба их сургууль, Манба дацан эмнэлэгийг ажиллуулж буй тус хийд сүсэгтэн олны хувьд эртний танил.
Гэсгүй лам С.Моломжамц “Манай хийд үдээс өмнө Цогчин хурал, үдээс хойшдоо оройн ерөөлийг шинийн 15-ыг дуустал уншина. Харин засал номоо тусад нь лам гарган хийж өгч байна. Заслаа шинийн 15-наас хойш хийлгэж болно. Шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян хийвэл тэр нь цаашаагаа арвижиж байдаг гэж үздэг учраас хүмүүс ихэвчлэн 15-ны дотор амжиж хийлгэхээр ирдэг” гэлээ.
Тус хийдийн нэг ном уншуулах үнэ дунджаар 1000-3500 төгрөг байв.
ЗҮҮН ХҮРЭЭ ДАШЧОЙЛИН ХИЙД
Харин Дашчойлин хийд шинийн нэгнээс эхлэн өдөр бүр 15 хоногийн Их ерөөл хурж байгаа гэнэ. Өглөө 09.00 цагт, өдөр 13.00 цагаас хурж буй уг хуралд сүсэгтэн олон ирж даган баясаж, мөргөл үйлдэн, ном заслаа хийлгэх нь чөлөөтэй гэж хийдийн лам нар хэллээ. Засал хийлгэхэд ямар нэг тогтсон үнэ гэж байхгүй, иргэд өөрсдийн сүсгээр өглөг өгдөг байна.
Г.БАТТҮШИГ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ