Дэмжигчдийн хуудсанд нэгдээд дээрдлээ юу?

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Дэмжигчдийн хуудсанд нэгдээд дээрдлээ юу?

Монголын цагаан сар өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө. Монгол хүн бэлгээр, хятад хүн бэнчингээр гэдэг. Эцсийн мөнгөө шавхаж, эдийн засаг хямраагүй мэт элбэг дэлбэг тэмдэглэлээ, монголчууд. Өр, ширийг умартан, өөдлөх үгийг хэлэлцлээ. Бэлгэдлээ бодож, уламжлалаа дээдэлснийх биз. Сая гаруй хүнтэй, талаас илүү нь унаатай нийслэлчүүд замын түгжрэлд уураа барсангүй, замын цагдаа нар аав, ээж ах дүүдээ золгохоо умартан, зам дээр уяатай өнжсөний хэрэг бүтлээ. Сар шинийн өдрүүдээр телевизээр хуучны монгол кинонууд шинэ өнгө төрхтэйгээр үзэгчидтэй учран золгож, олны мэлмийг баясгалаа. Аварга малчин шагнах аян аймгаас аймагт, айлаас айлд дамжин үргэлжилж, өргөмжлөл, өргөө цагаан гэрээр мантгар цагаан дарга, малчдыг мялааж байгаа нь мэдээллийн хөтөлбөр бүрээр гарах нь соц нийгмийг санагдуулна. Нэгдэл задарснаас хойш мал хувьд шилжээд жилээс жилд тоо толгой нь тоймгүй ихээр үржиж байгаа. Урд цагт бол улсын малыг өсгөснийх нь төлөө “Улсын аварга малчин” гэж өргөмжилж, шагнадаг байсан.

Харин энэ удаад хувийнхаа малыг өсгөсөн малчдад улсаас шагнал гардуулахдаа улс төр хийгээд яваа нь таалагдсангүй. Малаа хэрхэн арчилж, өсгөж үржүүлж, удмын санг нь сайжруулсан малчны туршлагыг сонсох гээд чадсангүй. Өөрөө өсгөөд өгчихсөн аятай улстөрчид “дэмийрэх”-ийг л цээжлэх шахсан нь бид ухрах араандаа орсныг ойлгуулах шиг. Эдийн засаг туйлдсан, бүсээ чангал гэж дээр, дооргүй чалчиж, татвар, даатгалаар ард түмнээ хэзээ мөдгүй боомилохоор завдаж буй. Тэгсэн атал улсын хөрөнгийг үрэн таран хийж, мянгат малчдад гэр тараасан нь илүү зан мэт. Гэртэй гэргүй тэртээ тэргүй, мянган малтай малчин. Гэвч айсуй сонгуулийн чимээнээр ам, ажил хоёр нь зөрдөг хүнийг “улстөрч” гэдэг ажгуу. Бусдын гавьяаг эгээ л өөрийн мэт өмчилж, үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ичихгүйгээр цацуулж, гол дүрд нь тоглохыг улстөржих гэдэг ажгуу.

…Урд хөршид ч байхгүй, 17 хувийн эдийн засгийн өсөлттэй улсыг хүлээлгэж өгсөн атал өнөөдөр өрийн бичгээс өөр зүйлгүй үлдээж гэж… Эсвэл өнгөрсөн засгийн тавьсан өрийг төлөх гэж үйл лайгаа эдэлж байна гэж… Буруу зүйлийг нь засах гэж зовж, зүдэрч яваа тухай… Эрх баригч байхдаа бусдад таалагдах гэж амьдралгүй шийдвэр гаргаад сөрөг хүчин болохоороо шүүмжилж суудаг ийм л “уламжлал” улс төрд өрнөх болов.

Тийм л үгс аль ч эрх баригчдын амнаас цухалздаг. Аль нь ч ялгаагүй. МАН ашигт малтмалын зах зээлийн оргил үнэ тодорхой хугацаанд л үйлчлэхийг урьдчилж хараагүй. Харсан ч түүнд чиглэсэн бодлого боловсруулж, шийдвэр гаргаагүй. Түүхий эдийн үнэ өндөр үед нь эдийн засгийн өсөлт мөнгөний хуримтлал үүсгэх ёстой байтал гарын салаагаар сонгуулийн шоу болгон мөнгө болгон тараасан. Харин Ардчилсан нам дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхийн чухлыг яриад түүгээр далимдуулан мөнгө унагаасан. Аман дээрээ ганц ашигт малтмалд тулгуурласан бус олон тулгуурт эдийн засгийн чухлыг аль аль нь ярьдаг ч нэг хэмжээст эдийн засгаас зайлсхийсэн олон төрөлт эдийн засгийг хөгжүүлэх дэмжлэг огтхон ч үзүүлээгүй зэрэг бүх зүйл бага багаар хуримтлагдсаар өнөөдрийн хэмжээнд туйлдахад хүргэсэн гэж эдийн засагчид анхааруулсаар байна.

Өнөөдөр хоёр намын асуудал ярьж жижгэрмээргүй байна. Монголын эрх ашиг гэсэн ганцхан тугийн дор нэгдэж, хэмнэлтээ хийсэн шиг хийж, ажилласан шиг ажиллах юу юунаас чухал болжээ. Бид нам тойрч талцаж гүйгээд уржигдар, өчигдрөө л аргацааснаас өнөөдөр, маргаашийг бодсонгүй. Өнөөдөр ч өнөө маргаашаа бус нөгөөдрийг харж зарим тохиолдолд цаг зуурын шийдвэрээс татгалзах зайлшгүй шаардлага гарчээ.

Дээрээ ч тэр, доороо ч тэр амралтаа багасгаад амин хувьдаа завшихаа хойш тавиад, аль болох амжилт авчрах, ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгаа өөд нь татах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал болжээ. Бид гол гол салбартаа хөрөнгө оруулалт татаж, импортын үнийг өнөө маргаашдаа барих богино шийдвэр бус урт дурын бодлого боловсруулах нь амин чухал байлтай.

Мэдээж бид маш өргөн хүрээтэй сорил бэрхшээлүүдтэй тулгарна. Түүнийг хэн нэгнийг муулснаар бус хийснээр даван туулах нь гарцаагүй.

Утгагүй сөргөлдөөн бус соёл бидэнд өнөөдөр дутагдаад байх шиг. Хэн нэгнийг дэмжигчдийн хуудсанд нэгдээд өнөөгийн байдал өөрчлөгдлөө юу. Бидний нэгдэл ерөөсөө л Монгол Улс. Монгол Улсын иргэн ажилтай, орлоготой, амьдрал нь баталгаатай байх нь чухал.

Тиймээс л одоо талцлаа болиод бодлого уралдуулж, хийж эхлэх цаг нь болсон санагдана. Томоохон төслөө хэчнээн ярих вэ? Хэрэгжүүлж эхлэх цаг болжээ.

Байгаа байгаа байрандаа хийхээ хийсэн шиг хийж, хүнийг бус саналыг дэмжиж нэгдэхгүй бол өр төлөөс өнөө маргаашгүй нэхэгдэх нь байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж